Богд хааны төмөр тэмээн сүргийн “үржил” тамга Өндөршил суманд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-18 17:09:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Орон нутгийг судлах музейд 250 гаруй жилийн түүхтэй тэмээний “үржил” тамга соёлын үнэт өв болон хадгалагдаж байна.

Энэ нь “үржил” хэмээн худам монгол үсгээр бичсэн, 24 см урттай, долоон см өргөнтэй, нэг см зузаантай, нэг кг орчим жинтэй ширмэн тамга юм.

XVIII зууны тэргүүн хагаст Манж нар Зүүнгар (Ойрад)-тай байлдахдаа Халх олноос цэргийн хэрэгцээнд төрөл бүрийн олон мянган малыг дайчлан гаргуулж зарцуулж байсан ба үлдсэн тэмээг цэргийн бэлтгэл сүрэг болгож, Түшээт хан аймагт зүүн, баруун хэсэгт “үржил сүрэг” болгон ардуудаар маллуулж байжээ.

Тэр сүргийн зүүн хэсгийг Өндөршил, баруун хэсгийг Хулд, Дэлгэрхангай сумын нутагт маллаж байж. Тэмээг маллуулахаар Ховд, Хэнтий, Говь-Алтай, Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгаас малчдыг нутаг заан авч ирж, одоогийн Өндөршил сумын нутагт суурьшуулсан түүхтэй.

Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд маллаж буй айл нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байсан гэнэ. Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсны дараа энэхүү тэмээн сүрэг “Богд хааны төмөр тэмээн сүрэг” болсон  аж.

Энэ нутагт Далайн хурал гэж байсан түүхтэй. Далайн хурал алсаараа томгүй, дархан тэмээн сүргийг даган нүүж явдаг хоёр модон дугантай, хэдэн гэртэй, хорь гаруй ламтай, тэмээнийхээ нутгийн гол төвд байрладаг байжээ.

1960-аад оны сүүлчээр тэрхүү Далайн дуганы туурийн хормойн тус газраас Т.Лувсандорж гэх хүн энэхүү тамгыг олж, тус сумын Орон нутгийг судлах музейд хүлээлгэн өгчээ.  

Холбоотой мэдээ