Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд Говь-Алтай аймгийн сурагчийн бүтээл шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-20 10:42:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Лочингийн бүтээл шагналт байрт шалгарчээ.


Япон улсад зохион байгуулсан уг үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээснээс ийнхүү Говь-Алтай аймгийн сурагчийн бүтээл шагналт байрт шалгарсан байна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв, “Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээ” ТББ хамтран НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрх” үйл ажиллагааны хүрээнд төслийн гурван аймаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт уур амьсгалын өөрчлөлт түүний хүүхдэд нөлөөлөх нөлөөний талаар ойлголт мэдээлэл түгээх зорилгоор гар зургийн уралдаан зарлажээ. Уг уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг Японы Канагавагийн Дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаанд илгээсэн билээ.

1981 оноос хойш хоёр жил тутам зохиож буй уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл ирснээс “Канагавагийн шагнал” нэртэй шагналт байрт ийнхүү монгол хүүхдийн бүтээл багтсан тухай ГБХЗХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ