Монгол хүн сансарт ниссэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлаг сурвалжилсан нь

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2021-03-22 12:39:43
https://www.facebook.com/chadraabal

Гэрэл зургуудыг Ц.Нина, С.Батсүх нар МОНЦАМЭ агентлагийн архиваас


Өдгөөгөөс 40 жилийн өмнө буюу 1981 оны 3 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болсон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлаг бүрэн сурвалжилж Монголын ард түмэндээ төдийгүй дэлхий дахинд мэдээлсэн юм.


Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн МРТУХ-ны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж, олон нийтэд мэдээлжээ.Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Т.Галдан 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн ирэхэд нь анхны товч ярилцлагыг хийж байв.


Мөн гэрэл зурагчин С.Батсүх, Ц.Нина Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгт нисэгчдийг бэлтгэж байсан “Оддын хотхон”-д удаа дараа тусгай томилолтоор ажиллаж, нисэгчдийн бэлтгэл сургуулилт, гэр бүлийн аж амьдралын зургуудыг авч, хамтарсан нислэгийг гэрэл зурагт үлдээсэн нь одоо ч үнэ цэнтэй хэвээр байна. Гэрэл зургийн сурвалжлагч С.Батсүх, Ц.Нина нарын авсан гэрэл зургуудаар “Оддын ахан дүүс” альбомыг бэлтгэж хэвлүүлсэн юм.


МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах группын бэлтгэсэн сурвалжлага, гэрэл зургууд тухайн үеийн Монголын радио, телевиз, “Үнэн” сониноос эхлээд Монголын бүхий л сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд орос, англи, франц, хятад зэрэг хэлээр дэлхий дахинд түгээсэн байна.