Ирак зарим орны иргэдийн виз мэдүүлэх шаардлагыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-22 15:12:37

БАГДАД. /TASS/. Иракын эрх баригчид хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 37 улсын иргэдийн нэвтрэх виз авах шаардлагыг цуцалжээ.  


Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Халед аль-Муханна мэдэгдэв.


“Засгийн газрын гаргасан шийдвэр нь хөрөнгө оруулалтад түлхэц үзүүлэх, улс орны аялал жуулчлалыг сэргээхэд чиглэсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Иймд жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид, компанийн төлөөлөгчид виз авахын оронд Иракын хилээр нэвтрэх 75 ам.долларын татвараа төлөөд хоёр сар байх боломжтой аж. Жагсаалтад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд, Европын Холбооны гишүүн орнууд, Япон, БНСУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Швейцар улсууд багтжээ.


Улс орны хилээр татвараа төлөөд нэвтрэх зөвшөөрлөө авсан иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөж, коронавирусний шинжилгээнд заавал хамрагдах ёстой аж.


Ирак Ойрхи Дорнодын орнууд дундаа халдварын тоогоор тэргүүлж байгаа юм. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр,  халдварын 790 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас нас барсан хүний тоо 14 мянга орчимд хүрчээ. 

Холбоотой мэдээ