Их-Уул сум ойг хамгаалах ажилд 150 сая төгрөгийг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-22 18:24:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хэрэгжиж буй "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл ховор, нэн ховор амьтны хамгаалал, амьдрах  орчныг сайжруулахад онцгой анхаарч амжилттай ажиллаж байна.

-“Манай төслөөс өнгөрсөн онд биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой гурван бүс нутагт 0,8 сая га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай  газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүллээ.

Тухайлбал “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх. Улмаар олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, эдгээр сумдад 218 сая төгрөгийн орлого төвлөрүүллээ. Дээрх орлогоос ойн нөхөн сэргээлтэд зориулахаар сумын төсөвтөө тусган батлуулах саналыг орон нутгийн захиргаанд болон БОАЖЯ-нд хүргүүлсэн. Ингэснээр Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал  150 сая төгрөгийг 2021 онд сумын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлээд байна. Ийнхүү анх удаагаа “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль бүрэн утгаараа суманд хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн төслийн бүс нутгийн заган болон сэрүүн бүсийн ойн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор  9 сумын 15 ойн нөхөрлөлийн Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаад байгаагийн нэг нь Их-Уул, Тосонцэнгэл сумдын нөхөрлөл юм” гэв.

 Бичил төслийг дэмжиж байна

"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслөөс Ковид-19 цар тахлаас үүдсэн ядуурлыг бууруулах зорилгоор Их уул суманд жижиг төсөл хэрэгжүүлж байна.

Тодруулбал ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монгол тэмээ корпорацтай хамтран Завхан аймгийн Их-Уул суманд малын сүүнээс ашигт бактери ялган пробиотек бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг амжилттай  хэрэгжүүлж эхэллээ. Цар тахлын үеийн амаргүй цаг үед хэрэгжүүлэгч, оролцогч талуудтайгаа хамтран 2020 онд тус төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь мөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд хэрэгжиж байна. Биологийн олон янз байдлын хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. Тэдний амьжиргааг дэмжих чиглэлээр цөөнгүй санаачилгууд хэрэгжүүлж  эхэлсний нэг жишээ бол нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын 39 бичил төслийг санаачилгыг дэмжиж, санхүүжүүлэх шийдвэр байлаа. Үүний нэг нь малын сүүнээс ашигт бактери ялган пробиотек бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил юм гэж "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслийн Завхан аймаг дахь нэгжээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ