Цусаа хандивлаж 100 гаруй хүний алтан амь аварсан Н.Амгаланбаатар хүндэт донор болов

Монголын мэдээ
bolor@montsame.mn
2016-06-14 14:25:04

Өнөөдөр тохиож буй “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг “Цус амьдралын амин холбоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эл өдөр цусны донор, өвчтөнд цусаа өгөхийн ач тус, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудыг алдаршуулан талархал илэрхийлэхээс гадна “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатай өдөрлөгийг Тусгаар тогнолын талбайд Цус сэлбэлт судлалын үндэсний төв ЦССҮТ/, МУЗН хамтран зохион байгуулав.

Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд нийт 30400 орчим донор цусаа бэлэглэснээс нийслэлд 23372, хөдөө орон нутагт 7028 донор цусаа бэлэглэж, 15 нэр төрлийн 72 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Энэ үзүүлэлт нь нийт хүн амын 1 хувь, нийслэлийн хэмжээнд 1.5 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд хүрсэн амжилт байлаа хэмээн ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр онцлов.

Энэ үеэр явуулын үйлчилгээгээр цус хандивлах үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцон цусаа хандивлаж байсан юм. “Их засаг” их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан О.Тэргэл, П.Ариунгэрэл нар, “Өнөөдөр бид талбайд өдөрлөг болно гэж интернэтээс мэдээд анх удаа сайн дураар цусаа хандивлалаа. Бид авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Эл өдрийг угтан тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршуулах, нийгэмд таниулахаар 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. Улаанбаатар хотод энэ онд 43 донор “Хүндэт донор” цолны болзол хангажээ. Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 2012 оноос 47 удаа цусаа хандивласан 21 настай Н.Амгаланбаатар тодорлоо.

Тэрээр хэлэхдээ, “2012 онд төрсөн эгчийн хүү түлэгдээд би цусаа өгч донор нь болсон. Тэр үед ямар ч бүлгийн цустай хүн донор болж болох юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс хойш тогтмол шинжилгээ өгч, сар бүр цусаа бэлэглэдэг болсон. Нэг удаагийн цусаар гурван хүний амийг аварна гэдэг бол үнэхээр ач тустай, бахархалтай, буяны үйлс гэж боддог. Залуучууддаа хандан цусаа бэлэглэж, гурван хүний амь нас аварцгаая гэж уриалж байна” гэв.

Мөн “Топ өгөлттэй” донороор Д.Цэнгэлбаяр, С.Даваамаа нар шалгарлаа. Дүүргийн хэмжээнд донор элсүүлэлтийн байдлаар Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо тэргүүн байр, Монголын донорын холбооны хамт олон дэд байр, Хан-Уул дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн МУБИС, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Баянзүрх дүүргийн ЗДТГ зэрэг байгууллагыг өргөмжилж батламж гардуулсан юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ