Барилгын мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөрийг чанаржуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-06-14 15:54:19

Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, коллежуудын анхдугаар уулзалт боллоо.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Монголын Барилгын инженерүүдийн холбооны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг уулзалтад холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагууд, ажил олгогч нарын төлөөлөл оролцож, боловсролын хөтөлбөрийн стандартын хэрэгжүүлэлт, шинээр төгсөгчдийн мэдлэг, чадварыг шалгах, үнэлэх тогтолцоо, ажил олгогчдын тавьж буй шаардлага, тэдгээрт нийцүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

Энэ үеэр оролцогчид улсын бүртгэлд авахад хэцүүхэн барилга олон тоогоор баригдсаар байна. Анх зураг төсөл гаргасан хүн нь барилгад тавигдах стандартаа мэддэггүйтэй холбоотой. Энэ талын мэдлэгийг их дээд сургуулиуд хангалттай өгдөггүйтэй холбоотой хэмээн шүүмжилж байлаа. Ажил олгогчдын зүгээс төгсөгчид мэргэжлийн англи хэлний мэдлэг тааруу байгаа тухай хөндсөн бол их дээд сургуулиудын зүгээс сүүлийн үед энэ асуудалд анхаарал хандуулж, дотооддоо сургахаас гадна оюутан солилцоогоор гадаадад сургаж байгаа гэсэн юм. Харин Монголын Барилгын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Э.Ганзориг мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр дүрэм журам, стандарт баталдаг нь энэ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна хэмээн дүгнэсэн.

Уулзалтын хүрээнд барилгын салбарын мэргэжилтний дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцдөг байх, мөн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн нэр томъёоны тодорхойлолт тольтой болох зэрэг асуудалд хамтарч ажиллахаар боллоо.

З.Эрэвгийлхам

 

Холбоотой мэдээ