Монголчуудыг ундны усаар тэтгэсэн ачтан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-25 12:54:54
@ShoovdorBatbold

Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд

усны инженер А.И.Ерёминд шагнал гардуулсны дараа


Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бусдын гар харалгүй амьдралаа сонирхолтой болгох хэрэгтэй”. Энэ бол өдгөө 86 настай, Алтайн хязгаар нутгийн ус судлалын инженер Алексей Ерёмины амьдралдаа мөрдлөгө болгодог уриа ажээ. Саяхан тэрбээр Монгол Улсын “”Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр энгэрээ мялаажээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг хөрш орны маань Ерөнхий консул ёслол төгөлдөр түүнд гардуулан өгчээ. Тэртээх 1960-1970 оны үед Алексей Иванович орон нутгийн иргэдэд шууд утгаараа ус гаргаж өгөх ажлыг гардан гүйцэтгэж байжээ.


Гэрэлтсэн нүдтэй эр

“Ухаан далай номоос эхтэй

Усан далай булгаас эхтэй” гэх зүйр үг бий. Энэ л зүйр үг манай нутгийн Алексей Ерёминд эгэл бус амьдралд хөлөө олоход нь туслажээ. Цэх нуруутай, нүд нь гэрэлтсэн, цаг ямагт инээмсэглэж явдаг түүнийг харахуйд, нас бол тоо юм гэх үг эрхгүй санаанд бууна. Новочихинскийн дүүргийн оршин суугч маань өдгөө 86 насандаа амьдралаас ташаал авч, улс төр, эдийн засаг сонирхож, шинэхэн инженер залууст арвин их туршлагаасаа хуваалцаж, мөн спортоор хичээллэдэг ажээ. Монгол нутагт өнгөрүүлсэн есөн жилийг тэрбээр ихэд сэтгэл догдлон дурсах дуртай.

-1964 онд намайг усгүй онцгой хүнд бүс нутгуудыг судалж өгөхийг хүсэж урьсан юм. Би тухайн улсын олон ч газраар явж ажилласан даа. Зундаа тал руу гараад л манаргачихна, харин өвөл нь материалаа боловсруулдаг байлаа хэмээн Алексей Иванович дурсан ярив.

Тэр цагаас хойш хагас зуун жил өнгөрсөн хэдий ч Алтай нутгийн усны инженерийг Хятад Улстай хил залгаа орших Өмнөговь аймагт хилийн цэрэгт алба хааж байсан хилчид одоо ч мөн түүнийг сайнаар дурсдаг ажээ. Цэргийнхэн ундны устай золгох гэж урт удаан хугацааг өнгөрөөсөн гэдэг. Герман, болгарын мэргэжилтнүүд хичнээн өрөмдлөг хийж, эрж хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Тэдний дараа Ерёмин очиж хоёр дахь хайгуулынхаа үеэр усны судал олжээ. Хилчид баярласандаа болоод түүнийг гар дээрээ өргөн хүндэтгэл үзүүлсэн гэдэг.


Брежневтэй гар барьсан нь

Монголд ажиллаж эхлэх үед амаргүй байсан. Цаг агаар өөр, зан заншил, ааш авир гээд л...Үүнээс гадна байгалийн эрс тэс уур амьсгалтай газар зайлшгүй шаардлагатай ажлын багаж хэрэгсэл ч тааруу байлаа.

-Эхнийхээ албан томилолтод би хослолтой явсан. Гэтэл хамт явсан мэргэжил нэгтнүүд болон надад ажлын хувцас ч олдсонгүй. Улаанбаатарт очоод ЗСБНХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны дарга Александр Шелепинтэй уулзав. Тэрбээр Монгол-Хятадын хилийн дагуу байрлаж буй манай цэргийн анги салбаруудын чиглэлийн асуудлыг авч хэлэлцэхээр ирээд байжээ. Энэ үеэр цэргүүдийг ундны усаар хангах тухай яригдсан юм.

Алексей Иванович тухайн боломжийг ашиглан өөрийн ахалж яваа багийнхныг ажлын хувцсаар хангах хүсэлт тавьжээ. Чингээд найм хоногийн дараа Улаанбаатар дахь агуулахад ангийн үсээр хийсэн малгай, өвлийн хүрэм, дулаан өмд зэрэг бэлэн болсон байжээ.

-Германчууд болон болгарчууд бидэнд тавьж өгсөн өвлийн хувцсыг үнэ хайрлахгүй авья гэж санал болгож байсан даа хэмээн Ерёмин гуай инээмсэглэн өгүүлэв. –Тийм том даргад зүгээр нэг муу усны инженерүүдийн хувцас хунарын асуудлаар ямар бүдүүн зүрх гарган хандаж зүрхлэв ээ? хэмээн олон хүн асууж шалгааж билээ. Гэвч Александр Николаевич бид хоёр маш хурдан хэл амаа ололцсон доо. Тиймээс санаа зовоод байх зүйл байсангүй.

Улаанбаатарт байхдаа би ЗСБНХУ-ын Төв Хорооны хоёр ч нарийн бичгийн дарга Леонид Брежнев болон Юрий Андропов нарыг анх ойроос нүүр тулан  харж билээ. Алексей Иванович эрхэмзочдыг нисэх онгоцны буудал дээр үдэж мордуулах үед, би генерал болон дипломат ажилтнуудтай нэг эгнээнд зогсож байлаа. Тэгээд л хоёр том улс төрчтэй гар барих боломж тохиосон юм. Алтай нутагтаа ирмэгц, төрөл төрөгсөд болон  найз нөхөд маань үзсэн харсан газрын сонин сонсож, томчуултай хэрхэн гар барьсан талаар дуулаад бараг л надтай гар барьчихад болох юм байна гэж тоглоом хийн цаашлуулж билээ.


Бэрхийг даван туулсан нь

Алексей Ерёмин олон хүүхэдтэй айлд өсжээ. Зургаан настайд нь аав нь бурхан болжээ. Тиймээс хар багаасаа л хүнд хэцүү ажил хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.

-Сургуульдаа явахдаа шуудай авч явна. Түүндээ нүүрс хийж ирээд оройдоо зуухаа галлана. Дүү нараа харж, худгаас ус зөөнө. Ер нь хийхгүй зүйл байхгүй дээ. Тиймээс хар багаасаа л зөвхөн өөрийн хүчинд найдаж, хэнээс ч юу ч гуйж явсангүй гэж Ерёмин гуай хэлэв.

-Үр хүүхдүүддээ ч гэсэн энэхүү зангаа өвлүүлсэн гэнэ. Тэрбээр эхнэр Зинаида Ивановнагийн хамт 58 жил амар жимэр амьдарчээ. Хоёр жилийн өмнө эхнэр нь бурхны оронд оджээ.

-Ойр дотны хүн гэдэг үргэлж дутагдана, гээд яахав амьдрал л юм даа. Зинаида маань надтай хамт Монголд байсан, тэрбээр эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг байлаа. Герман, Чехословак руу урт удаан хугацаагаар томилолтод явсан хойгуур гэр орноо авч явдаг байсан даа хэмээн Алексей Иванович дурсан өгүүлэв.

Охин Лариса Самарад, хүү Вадим Барнаулд амьдардаг. Алтайн инженер Артур, Игорь гэх том болсон хоёр ачтай. Нэг нь Словенид, нөгөө нь Москвад аж төрдөг. Өвөөтэйгөө байнга л утсаар ярьдаг. Өвлийн үдшийг Алексей Иванович Мурка мууртайгаа байхад уйдах завгүй өнгөрөөнө.

Ерёмин гуай өдөр бүр өглөөний дасгал хийж, 5-6 километр газар алхаж, амралтын өдөр банш чимхэж идэх дуртай. Сонин, сэтгүүл уншиж, зурагт үзнэ. Заримдаа шүлэг тэрлэж, Монголд авхуулсан гэрэл зургуудынхаа нэгэн адил хавтсанд хадгалдаг ажээ. Хамгийн сүүлд тэрбээр 1973 онд Монголд очсон бөгөөд эдүгээ анх усны судал олсон тэр л хилийн застав руугаа нэг очихсон хэмээн мөрөөднө.


Талархал

Манай болон монгол мэргэжилтнүүдийн хамт газрын гүний усны хайгуул хийх ажлын гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэн билээ. Хөрш орны иргэд маань ч өөрсдийн баатруудыг үл мартдаг ажээ. Тийм дээ ч хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан түүний гавьяаг үнэлэн Монгол Улсаас ОХУ-ын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд Барнаул хотод хүрэлцэн ирж, Монгол Улсын “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-ы тэмдгийг гардуулан өглөө.

-ОХУ-аас манай орны төлөө хийсэн сайн сайхан зүйлийг бид үргэлж санаж явдаг билээ. Өнөөдөр манай хоёр улс сайн хөршийн эелдэг, дотно харилцаатай зэрэгцэн оршиж байна. Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Бидний цаашдын найрамдалт харилцаа улам бүр батжина гэдэгт гүнээ итгэж байна гэж Ч.Ганболд онцлон тэмдэглэв.


Товч намтар

Алексей Ерёмин 1935 онд Долгово Новочихинскийн дүүрэгт мэндэлжээ. Улмаар Семипалатинскийн геолог-хайгуулын техникум, Омскийн Хөдөө аж ахуйн их сургуулийг “ус судлалын инженер” мэргэжлээр төгссөн байна. Хөдөлмөрийн гараагаа Хабаровскийн Геологийн удирдах газрын харьяа Геологи-хайгуулын 15 дугаар ангид өрмийн мастераар эхлүүлж байжээ. Дараа нь Монгол ажилласан байна. Мөн Алтайн “Алтайводстрой”-д, хожим нь ЗХУ-ын Усны аж ахуйн яамны харьяа”Ремсельбурвод”-ын ерөнхий инженерээр арав орчим жил ажиллажээ. 


 “АЛТАЙСКАЯ ПРАВДА” сонинд гарсан ярилцлагыг орчуулсан: О.Чинбаяр



Холбоотой мэдээ