Японы парламент хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хориг тогтоох тухай хууль боловсруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-25 15:14:36

ТОКИО. /TASS/. Японы парламент хүний ​​эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан гадаадын улс орон, байгууллага, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл боловсруулахаар болжээ. 


Японы эрх баригч Либерал Ардчилсан нам болон сөрөг хүчний намуудын парламент дахь бүлэг уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг  байгуулсан байна. Ажлын хэсгийг Японы Батлан хамгаалахын сайд асан Гэн Накатани, парламентад сонгогдохоосоо өмнө Прокурорын газарт өндөр албан тушаал хашиж байсан Сиори Ямао нар хамтран даргалахаар болжээ. “Nikkei” сонинд мэдээлж буйгаар, эрх баригч намтай тэр болгон хамтран ажиллаад байдаггүй Коммунист намын төлөөлөгчид ч мөн ажлын хэсэгт  орсон байна.


Одоогийн байдлаар Японд хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хориг арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй юм. Энэ асуудалд Токио ихэвчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ийм асуудлаар гаргасан тогтоолыг дагаж мөрддөг боловч бие даасан алхам хийдэггүй. Япон ийм хууль тогтоомжгүй “Долоогийн бүлэг”-ийн цорын ганц улс юм.


Холбоотой мэдээ