"H&M" компаниас "алдаагаа засахыг" шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-25 17:23:51

БЭЭЖИН. /TASS/. Шведийн хувцасны жижиглэнгийн худалдаа эрхлэгч "H&M" компани хүний ​​эрх зөрчигдөж байна гэх шалтгаанаар Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны (ШУӨЗО) хөвөнг хэрэглэхээс татгалзсан "алдаагаа засах" ёстой гэж БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгджээ.


"Энэхүү компани зах зээлийн зарчмуудыг хүндэтгэж, алдаагаа засахаас гадна, арилжааны асуудлыг улс төржүүлэхээс татгалзана гэж найдаж байна" гэж тэрбээр долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.


Бээжин Шинжааны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, "хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хуурамч мэдээлэлд үндэслэн" БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсныг эрс эсэргүүцэж байна гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 


"Бид гадаадын компаниудыг Шинжаанд очиж энэ асуудлыг судлахыг урьж байна. Мөн Шинжаанд худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэж Гао Фэн хэлсэн байна.


Шинжааны хөвөнтэй холбоотой маргаан


Өмнө нь "H&M" компани "ШУӨЗО-нд албадан хөдөлмөр эрхлүүлэх, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах зэргээр хүний эрх зөрчиж байна гэж үзэж байгаатай холбогдуулан" Шинжааны хөвөнг хэрэглэхгүй гэдгээ мэдэгджээ. 


АНУ-ын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард БНХАУ-ын баруун хойд нутагт орших ШУӨЗО-оос хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Шинжаанд хүний эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан гэж АНУ-ын Гааль, хилийн алба мэдэгдсэн юм. 


БНХАУ дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд ихэнхийг нь Шинжаанаас нийлүүлдэг байна.


 

Холбоотой мэдээ