Жо Байден АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-01 11:53:44

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын дэд бүтцийг шинэчлэх, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх хоёр их наяд гаруй ам.долларын төлөвлөгөөгөө Жо Байден лхагва гарагт танилцуулжээ.


Америкийн удирдагчийн онцолсноор, энэ нь "Дэлхийн II дайнаас хойш ажлын байранд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт" болно.


“Өнөөдөр би зөвхөн баялгийг бус хөдөлмөрийг урамшуулдаг улсын төлөвлөгөөг санал болгож байна. Энэ бол муж улсуудыг холбосон хурдны зам барьснаас хойш, мөн сансрын өрсөлдөөнөөс хойш бидний харж, хийж байсан зүйлсээс ялгаатай нь үеийн үед ганц удаа тохиодог хөрөнгө оруулалт юм. Үнэн хэрэгтээ энэ бол Дэлхийн II дайнаас хойш ажлын байранд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт юм. Бид сайн цалинтай, сая сая ажлын байр бий болгоно” гэж Жо Байден Пенсильвани муж улсад үг хэлэхдээ мэдэгджээ.


Байдены хэлснээр, энэхүү төлөвлөгөө нь АНУ -ын эдийн засгийг өсгөж, тус улсыг Хятадтай өрсөлдөхөд нь тусална.


Төлөвлөгөөний гол хэсэг нь тээврийн дэд бүтцийн шинэчлэл аж. "Төлөвлөгөөний гол сүнснээс эхэлье. Үүнд манай тээврийн дэд бүтэц, зам, гүүр, нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх ажил орно" гэж Байден хэлэв.


"The Washington Post" сонинд мэдээлж буйгаар, энэхүү төлөвлөгөөнд тээврийн системийг хөгжүүлэх болон өндөр хурдны интернэт зэрэг бусад дэд бүтцийн төслүүдэд нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар тусгажээ. Түүнчлэн янз бүрийн салбарт үйлдвэрлэл, судалгааг өргөжүүлэх, ялангуяа эрчим хүчний цэвэр эх үүсвэр ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тусгасан байна.


Байден санал болгож буй төлөвлөгөөнийхөө зардлыг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэмэгдүүлэх, мөн татвар төлж байгаа эсэхэд илүү хатуу хяналт тавих замаар нөхнө гэж тооцоолж байгаа аж.

Холбоотой мэдээ