Аймгийн Засаг даргыг ХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-03 12:27:14

Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Д.Батболд, тэргүүлэгч С.Мөнхсайхан, Д.Даваасүрэн нар өнөөдөр аймгийн Засаг даргатай албан уулзалт хийж, түүнийг танхимын Ерөнхийлөгчөөр батламжилсан батламжийг гардууллаа.
ХАҮТ-аас аймгийн Засаг даргыг танхимын ерөнхийлөгчөөр батламжилдаг уламжлал тогтоод 10 гаруй жил болжээ. Анх аймгийн Засаг дарга асан С.Жаргалыг тус танхимын ерөнхийлөгчөөр батламжилж байсныг Д.Батболд дурдлаа. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг олон давуу талтайг тэрбээр онцоллоо. Үүнчлэн хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2020 онд Хэнтийн салбар танхимын хүсэлтээр оффисын байрыг шийдвэрлэж өгсөн. Цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа эрчимжүүлэх бодлогыг баримталж байгаагаа илэрхийлж, цаашид бизнесийн орчинд төрийн оролцоо ямар түвшинд байх вэ, бид хамтарч орон нутагтаа бодитой, үр дүнд хүрсэн ямар ажил хийж болох вэ зэрэг хэд хэдэн асуудал дэвшүүлж, харилцан санал солилцлоо. Тэрбээр танхимын гишүүдтэй удахгүй уулзаж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх аж.
Тус танхимаас аймгийн Засаг даргад өнгөрсөн жилийнхээ ажлын тайлан, аймгийн Онцгой комисст нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл өглөө.

Холбоотой мэдээ