Говь-Алтай аймаг хүн амынхаа 63 хувийг дархлаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-07 10:10:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийж байна. 


Дөрөвдүгээр сарын 6-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид дархлаажуулалтад хамрагдав. Говь-Алтай аймаг ногоон бүсээ хадгалан үлдэх зорилгоор эхний ээлжинд 4100 тун вакцин захиалж ийнхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын тэргүүн эгнээнд ажиллаж буй алба хаагчид болон стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах юм.

Тус аймгийн хэмжээнд 26 цэгт вакцин хийх  юм. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт дархлаажуулалтын гурван цэг ажиллаж тус байгууллагын 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Одоогоор вакцин хийлгэсэн хүмүүст хариу урвал илрээгүй байгаа тухай дархлаажуулалтад хамрагдсан алба хаагчид хэлж байлаа. 

Цаашид вакциныг тасралтгүй хангаж, иргэдийг үе шаттай дархлаажуулах, халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйтгэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймаг нийт хүн амынхаа 63 хувийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх долоо хоногт дараагийн ээлжийн вакцин ирнэ гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Холбоотой мэдээ