АСЕМ-ыг сурвалжлах “Хэвлэлийн төв”-ийн байрыг хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-15 18:11:41

Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Хэвлэлийн төв”-ийн зориулалтаар ашиглах талбайг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлын хэсгийнхэнд 6 дугаар сарын 15-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

“Хэвлэлийн төв”-ийн байрыг албан ёсоор хүлээн авснаар дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчид ажлаа эхлэх боломжтой боллоо. Ирэх сарын 1 гэхэд бүрэн тохижуулж дуусгахаар зорьж байна. “Шангри Ла” худалдааны төвийн В1 давхарын 2400 м.кв талбайг АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулан “Хэвлэлийн төв” болгож, уг төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49  өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна. “Хэвлэлийн төв” 24 цагаар ажиллах бөгөөд нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч сурвалжлага хийх, шууд дамжуулалт хөтлөлт хийх, редакцтайгаа холбогдон мэдээллээ дамжуулах нөхцөл бололцоогоор хангагдахаар төлөвлөж байна.

Сэтгүүлчдийг ажиллах нөхцлөөр бүрэн хангахын тулд  өндөр хурдны интернэт, олон улсын телефон яриа, дуу дүрсний эвлүүлэг хийх өрөө, хурлын явцыг ажиглах дэлгэцүүд зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна хэмээн тооцоолж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ