Дэлхийн 190 улсад вакцинжуулалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-07 09:28:18

ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний вакцинжуулалт дэлхийн 190 улсад эхлээд байгаагаас 86 нь олон улсын “COVAX” механизмаар дамжуулан вакцин авжээ.


Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мягмар гарагт Женевт болсон бага хурлын үеэр мэдэгдэв.


“2021 он гарснаас хойших эхний 100 өдөр эрүүл мэндийн ажилтнууд болон бусад хүнээ дархлаажуулахыг би улс орнуудад уриалсан. Уг 100 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусах бөгөөд одоогоор 190 улс орон, нутаг дэвсгэрт вакцинжуулалт эхэлжээ. “COVAX” хөтөлбөр 86 улсад 36 сая тун вакцин нийлүүлээд байгаа бол энэ долоо хоногт вакцин нийлүүлсэн улсын тоо 100-д хүрч магадгүй байна” хэмээн тэрбээр хэлжээ.


“Коронавирустэй тэмцэх чиглэлд хэн ч хоцрох ёсгүй. Вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тэгш хуваарилах асуудал бүрэн шийдэгдээгүй нь цар тахлын эрчимтэй үеийг зогсооход учирч буй гол саад хэвээр байна” гэж Тедрос Аданом Гебрейесус мөн онцлон тэмдэглэлээ.


ДЭМБ дэлхийн 190 улс орон, нутаг дэвсгэр оролцож буй COVAX механизмд өндөр ач холбогдол өгдөг. Хөтөлбөрийн нөхцөлд тусгаснаар өндөр орлоготой орнууд бага орлоготой орнуудын вакцины зардлыг даана. Төлөвлөгөөний дагуу уг механизмын хүрээнд 2021 оны эцэс гэхэд 2 тэрбум тун коронавирусний вакцин үйлдвэрлэж, дэлхий даяар тэнцүү хуваарилах ёстой аж.

 

Холбоотой мэдээ