Хаврын тариалалтад ковидын нөлөөг тусгахгүй байх боломж бий

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-04-08 14:03:10

Ган, хуурайшилтын давтамж ойртсон энэ үед,  тариалалтын явцад ковидын нөлөө  муу үр дагавраа үзүүлэх давхар эрсдлийн өмнө тулж ирээд байна. Гэвч цаг хугацаанд нь заавал мөрдөх технологийн горимыг зөв мөрдөж ажиллавал аюул ард гарах боломж бүрэн бий. Тийм ч учраас хаврын тариалалтын бэлтгэл ажлыг цаг алдалгүй хийх үүднээс энэ сарын 3-17-ныг хүртэл хөдөө орон нутагт ажиллаж байгаа 14 мянга орчим тариаланчийг вакцинжуулалтад бүрэн хамруулах төлөвлөгөөтэй ажил үргэлжилж байна.

Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг зогсолтгүй явуулахад онцгой үүрэгтэй цаг нь хаврын тариалалтын энэ үе. Ковидын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед хаврын тариалалтын бэлтгэл ажлыг алдагдуулвал ирэх жилийн үр тарианы үйлдвэрлэлд муугаар нөлөөлөхөд хүрнэ. Энэ нь цаашлаад эдийн засгийн асар их хор уршиг дагуулах, энэ чиглэлийн үйлдвэрлэл импортоос хамаарах нөхцөл бүрдэж ч болох талтай.

Хөдөө аж ахуйн салбар дахь стратегийн ач холбогдол бүхий хүнсний гол бүтээгдэхүүн бол газар тариалангаас авдаг үр тариа, төмс, хүнсний ногоо. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 478 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн ч түүнээс даруй хорь орчим хувиар илүү талбайд тариалалт хийсэн. Эндээс үзэхэд газар тариалангийн салбар бол байгалийн давагдашгүй нөхцлөөс бусдыг даван туулах чадвартай, өндөр үр ашигт хүрэх нөөц бололцоо ихтэй салбар гэдэг нь харагддаг.

Энэ жилийн хувьд 530 мянган га-д тариалалт хийхээс үр тариа, төмс, малын тэжээлийн тариалалтыг өмнөх жилийнхээс ахиу хэмжээгээр тариалахаар бэлтгэж эхлээд байгаа юм. Тодруулбал, 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 66.5 мянган га-д малын тэжээл 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ тариалах төлөвлөгөөтэй байгаа. Эндээс үр тариа 495.6 мянган тонн, 222 мянган тонн төмс, 116 мянган тонн хүнсний ногоо 170 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал 3.0 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авна гэж тооцжээ.  


“Арван их наяд”-ын цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг газар тариалангийн салбарт олгохоор болсон нь өнөөдрийн нөхцөлд ихээхэн дэмжлэг болсон явдал. Мөн үр үржүүлэх, жимс жимсгэнэ нутагшуулах, байгаль цаг ууртаа зохицсон сорт бий болгох зэрэг асуудал манай улсын газар тариалангийн салбарт ихээхэн шаардлагатай байдаг. Энэ жилийн хувьд л гэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулснаас одоогоор ОХУ-аас 4 мянга гаруй тонн улаанбуудайн үр аваад байгаа аж. Ингэж үр импортлон авдаг, жимс ногоогоо хүртэл гаднаас нийлүүлдэг байдлыг өөрчлөх, эх орны брэнд бүтээгдэхүүнийг дэмжин гаргах шаардлага зүй ёсоор тавигдсан хэвээр байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хувьд голчлон цаг уурын таатай нөхцөлтэй байдаг бол манайд энэ нь эсрэгээрээ. Тухайлбал хур тунадас бага унадаг, агаарын температурын хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн сэрүүвтэр байдаг, хүчтэй салхи шуурах нь элбэг. Энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг өөрийн нөхцөлд тохирсон өвөрмөц байдлаар эрхлэх шаардлагыг бий болгож байдаг. Мөн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах тал дээр анхаарал сул байснаас тариалангийн талбайн хөрс элэгдэж, эвдрэн доройтсон гэж салбарын судлаач эрдэмтэд дүгнэсэн байдаг.  Үүн дээр нэмээд ковидын үеийн шинэ, онцгой зохион байгуулалтад тохируулан үйл ажиллагаагаа зогсолтгүй, эрсдэлгүй үргэлжлүүлэн ажиллах шаардлага бий болоод байгаа юм.

Манай улс 1920 оны эхэн үед 10 мянга орчим га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол 1960 оны үед 250 мянган га талбайд, 1980 оны дунд үе гэхэд 800 мянга хүртэлх га талбайд бүх төрлийн таримал ургамал тариалдаг болсон байна.  Гэвч 1990-2000 оны дунд үе хүртэл газар тариалангийн үйлдвэрлэл чөлөөт зах зээл, хувьчлалын нөлөөгөөр уналтад орсон. Ингэснээр төмс, хүнсний ногоо, гурил зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн импортоос ихээхэн хамааралтай болоод байлаа. Харин 2008 оноос Монгол Улсын Засгийн газар атрын аян эхлүүлснээр газар тариалангийн салбарын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хүнсний ногоо импортлох явдал байсаар байгаа билээ. Ялангуяа нарийн ногооны тариалалт үйлдвэрлэлд онцгой анхааран дэмжиж байж импортын хамаарлыг багасгах ёстой юм. Олон удаагийн хөл хорионы улмаас хөдөө орон нутгаас нийслэл рүү борлуулалт, түгээлт хийх боломж хязгаарлагдаж, аж ахуй нэгжүүд орлогогүй болох асуудалтай тулгарах болсныг тариаланчид ярьж байна.

Бүтээгдэхүүний хомсдол үнийн өсөлтийг бий болгодог зүй тогтол бий. Энэ утгаараа хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа нарийн ногоо, жимс жимсгэнийн үнэ өссөн. Хэдийгээр салбарын яамны зүгээс хүнсний ногооны 70 хүртэлх хувийг дотоодоосоо нийлүүлдэг гэдэг ч энэ мэт цаг үед эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй хэмжээнд байгаа юм. Энэ хаврын хувьд тариалалтыг хугацаа алдалгүй, зөв горимын дагуу явуулахад зохион байгуулалтын болон төсөв санхүү, техник технологийн дэм туслалцаа ч чухал байгаа. Ингэснээр энэ салбар дахь 16 мянган өрхийн аж ахуй, 1.5 мянган аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг болоод зогсохгүй эдийн засгийн өгөөж, үр дүнд сайнаар нөлөөлөх учиртай.

Холбоотой мэдээ