М.Мядагмаа: Бүтээгдэхүүнээ чанартай, цэвэрхэн хийхийг хичээдэг

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-08 16:44:32

Увс /МОНЦАМЭ/.Талх, нарийн боовны үйлдвэрлэгч “Тэргүүн-Арвижих” ХХК-ийн захирал Мөнхтөрийн Мядагмаатай ярилцлаа. Түүний хувьд хувийн бизнес эрхлэхийн зэрэгцээ 2020 оны есдүгээр сараас эхлэн “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байна.

-“Тэргүүн-Арвижих” ХХК анх хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай компани 2011 онд гурван ажилтантай түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн. Би 2006 онд ШУТИС-ийг бизнес удирдлага, санхүү менежментийн мэргэжлээр төгссөн. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөж талх, нарийн боовны сургалтад суух үеэс хувиараа үйлдвэр байгуулах санаа төрсөн байдаг. Өдгөө “Тэргүүн Арвижих” ХХК маань байгуулагдаад 10 жил болсон байна. 

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод салбараа нээсэн бөгөөд 173 метр квадрат байранд есөн ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Харин Увс аймаг дахь төв компани маань 256 метр квадрат байранд 16 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 15-20 нэр төрлийн талх, нарийн боовыг үйлчлүүлэгчдийн гар дээр хүргэж байгаа. Манай компани “Давхраат”, “Ээжийн гамбир”, “Сонгинотой бин” зэрэг баялаг жортой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн Улаангом сумын бөөний төв, хүнсний дэлгүүрүүд, сумдын сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлж байна. 

-Талх, нарийн боовны үйлдвэрлэл эхлэх үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Анх жижигхэн байранд хоёр шарах шүүгээтэй, ганц вандантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Удалгүй байраа томруулаад хоёр жилийн хугацаанд тасралтгүй 24 цагийн турш талх, нарийн боов үйлдвэрлэх болсон. Нэг ээлжинд гурван ажилтан 7-8 цагийн зайтай ажиллаад бууна.

Дараагийн ээлжийн ажилчид солигдоод тасралтгүй 24 цагаар ажилладаг байлаа. Тухайн үед шөнийн ээлжийн ажилчид маань их ядардаг байсан. Харин 2014 оноос үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн өдрийн нэг ээлжээр ажилладаг болсон. 

Ажилчид маань бүгдээрээ ажлаа сайн мэддэг, чин сэтгэлээсээ үүрэгт ажлаа хийдэг болохоор удирдаж байгаа надад нэг их хүндрэл бэрхшээл гараад байдаггүй ээ. Санаанаас гардаггүй дурсамж гэвэл анхандаа би өөрөө бүх түгээлтээ хийдэг байсан бөгөөд тухайн үед “Тэнгэр” бөөний төв рүү дөрвөн сарын турш өглөө бүр инээмсэглэн орж мэндлээд талх, нарийн боов авах уу? гэж асуудаг байсан юм билээ.

Би өөрөө үүнийгээ анзаараагүй. “Тэнгэр” бөөний төвийн Мэнгээ ах намайг анзаарч, уйгагүй зүтгэлийг минь үнэлээд гэрээ байгуулсан гэдгээ сүүлд хэлж байсан. Манайх “Тэнгэр” бөөний төвтэй хамтарч ажиллаад 10 жил болж байна. Намайг тухайн үед Мэнгээ ах талх, нарийн боовны үүлдвэрийн ажилтан гэж бодоод менежерээр ажиллах санал тавихад нь би үйлдвэрийнхээ захирал нь гэж хэлж билээ. /Инээв./ 

-Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?

-Би айлын том охин, доороо зургаан дүүтэй. Ажилчдын маань ихэнх нь дүү нар минь бөгөөд гэр бүлээрээ шахам манайд ажилладаг. “Тэргүүн Арвижих” компани 24 хүнийг ажлын байраар хангаж байгаа.

Нийт ажилчдынхаа 50 хувийнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. 2012 оноос манайх нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгч болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг ажлын байраар хангаж, тэдний амьжиргааг дэмжихийг зорьдог. Сүүлийн жилүүдэд Улаангом Политехник коллеж, ХХҮГ-тай хамтран ажиллаж байна. Манай ажилчдын 90 хувь нь мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Компани анх байгуулагдах үед ажилд орсон хүмүүсээс одоо дөрвөн хүн ажиллаж байна. 

-Бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хэр өргөжиж байна вэ?

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ аймгийн төв, сумд, мөн Улаанбаатар хотод худалдан борлуулж байна. Сумдад цөөн тооны түнштэй, зарим сумын дэлгүүрүүд манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад сургууль, цэцэрлэгийн үдийн цайнд нийлүүлдэг. Үйлдвэр ажиллаж эхлэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн сургууль, цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж байна.

Манай аймагт том, жижиг гэлтгүй талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй үйлдвэр байдаг учраас зах зээлийн хувьд тодорхой өрсөлдөөн бий. Иймд бүтээгдэхүүн бүр ялгарах онцлогтой байх нь чухал. Хоёр жилийн өмнө хийгдсэн зах зээлийн судалгаагаар манайх гуравдугаар байрт явж байсан. Ер нь цаг тутамд үйлдвэрлэл, үйлчилгээ болоод бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч байж зах зээлийн өрсөлдөөнд тунаж үлдэнэ шүү дээ.

-Нэрийн бүтээгдэхүүнүүд дотор тань сэтгэлд дотно, сайхан түүхтэй бүтээгдэхүүн бий юу?

-Намайг бага байхад зах зээлийн нийгэм эхэлж, хүмүүсийн аж амьдрал хэцүүхэн байсан. Тэр үед ээж маань бидэнд гамбир хайрч өгдөг байлаа. Хүн бүрт ижил хэмжээгээр аяга аяганд нь хийж өгнө. Ээжийн минь хайрсан гамбир үнэхээр амттай. Хүүхэд насандаа идэж өссөн ээжийнхээ гамбираас санаа авч, олон удаагийн туршилтын эцэст “Ээжийн гамбир” гэдэг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан.

Энэ бүтээгдэхүүнд маань хэрэглэгчид ам сайтай бөгөөд эрэлт ихтэй. “Танай гамбирыг идсэн чинь хүүхэд нас санагдлаа, ээж аавыгаа саналаа” гэж олон хүн хэлдэг. Тийм болохоор би “Ээжийн гамбир” нэрийн бүтээгдэхүүндээ маш их хайртай.

-Талх, нарийн боов хийхэд өртөг хэр их шингэдэг вэ?

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, материалыг манайх хотоос татаж авдаг. Тэгээд үйлдвэрлэх явц, ажилчдын хөлс, урсгал зардал гээд зардал их гарна. Улаанбаатар хотод түүхий эд хямдхан байхад талх 1300-1500 төгрөгөөр худалдаалагддаг.

Харин Увсын талхны бөөний үнэ 1000-1100 төгрөг байх жишээтэй. Иймээс ирээдүйгээ бодоод хотод салбараа нээсэн. Ер нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг би ашиг гэхээсээ илүүтэй буян гэж боддог. Бас хүний ам руу ордог хүнсний бүтээгдэхүүнийг чанартай, цэвэрхэн хийхийг хичээдэг. Бүтээгдэхүүнээ 6 сар тутамд шинжилгээнд хамруулахаас гадна улирал тутамд орчны ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. 

Сүүлийн үед иргэдийн зүгээс хамгийн их тавьж буй шаардлага бол бүтээгдэхүүний чанартай зэрэгцээд эрүүл ахуйн асуудал яригдаж байна. Зарим гурилан бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчид сахар, масло ихээр хийдэг. Манай үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний орц, тунг нь тааруулаад аль болох эрүүл бүтээгдэхүүн хийхийг зорьж байна. Хүнсний нэмэлт орлуулагч огт хэрэглэдэггүйгээрээ бусдаас давуу талтай гэж боддог.

Одоогоор үйлдвэрийн ажлыг дүү нар маань авч яваа. Би “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаа хэдий ч өөрийн хувийн компани болох “Тэргүүн-Арвижих”-даа байнга санаа тавьж, зөвлөгөө зааварчилгаа өгдөг. 

-Хувиараа бизнес эрхэлж байсан хүн даатгалын салбартай хэрхэн холбогдов?

-Өнгөрсөн жил Улаанбаатар хотод явж байгаад “Монгол даатгал” ХК-ийн Увс аймаг дахь салбарт эмэгтэй захирал шалгаруулж авна гэсэн зар байхыг олж харсан. Тэгээд анкетаа өгөөд ярилцлагад орсон. Гурван хоногийн дараа та тэнцлээ гэсэн хариуг хүлээж авсан.

Улмаар 2020 оны есдүгээр сараас ажилдаа орсон. Даатгалын ажил хүний амьдралын чухал хэрэгцээ гэж харсан. Ирээдүйд тохиож болох том эрсдлийг бага зардлаар даатгадаг. Манайд нийтдээ 58 төрлийн даатгалын бүтээгдэхүүн байгаа. Анх ажил хүлээж авахад манай салбарын ажил улсад сүүлийн тавд явж байсан. Харин гурван сарын дараа эхний зургаад орж ирсэн. Ажлын үр дүн 87 хувийн гүйцэтгэлтэй байна гээд оны эцэст 500 мянган төгрөгөөр шагнуулсан.

-Таныг хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулсан гэж дуулсан?

-2017 онд “Сайн үйлсийн хөтөч” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Анх бизнес эрхлэгчдээс хандив цуглуулаад эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлж байлаа. Хүнд бэлэн хоол бэлдэж өгөхөөс илүүтэй оюуны хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг сүүлд бодож үзээд амьдрах ухааны, хувь хүний хөгжил рүү анхаарсан сургалтууд зохион байгуулах болсон. Мөн Бөхийн өргөөнд 2-3 удаа хандивын тоглолт зохион байгуулж Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн эмчилгээний төлбөрийг цуглуулж өгснөөс гадна хорт хавдар туссан эмэгтэйд, түлэгдсэн хүүхдэд туслах хандивын аян өрнүүлж байлаа. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас үйл ажиллагаа маань түр зогсоод байна. 

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Харилцагч байхгүй бол бидний ажил өсөн дэвжих боломжгүй. Юуны өмнө өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан бүх харилцагчид, манай бүтээгдэхүүнийг өдөр тутамд хэрэглэж буй эрхэм хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа. “Тэргүүн Арвижих” компанийн 10 жилийн ойн мэндийг хамт олондоо, мөн нийт Увсчууд, Улаангомчууд та бүхэндээ хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ