Халдварын тохиолдол хоёроор нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-13 11:02:13

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Увс аймагт ирж гэрийн тусгаарлалтад орсон гэр бүлийн хоёр хүний түргэвчилсэн шинжилгээний хариу энэ сарын 12-ны өдөр эерэг гарсан байна. Энэ дагуу PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийхэд эерэг гарч, Увс аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 6 болоод байна.

Энэ сарын 4-ний өдөр Улаангом сумын 9-р багт ирж, гэрийн тусгаарлалтад орсон гэр бүлийн хоёр иргэнийг одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна. Эдгээр иргэд Улаангомд ирсэн 4-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод тэдний ойрын хавьтлаас коронавирусний халдвар илэрсэн тул гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахин, хөршөөрөө хоол хүнсээ авахуулж хаалганыхаа гадна тавиулдаг байжээ.

Мөн энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Малчин суманд ирсэн 5 иргэн, Завхан суманд ирсэн 2 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хариу нь сөрөг байжээ.

Иймээс ард иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Коронавирусний халдвар авсан өмнөх дөрвөн иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

 

Холбоотой мэдээ