Хос мэргэжилтэй залуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-13 12:30:13

Увс /МОНЦАМЭ/. "Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй" гэж ярих энэ залууг Батнасангийн Батмөнх гэдэг. 1988 онд Улаангом хотноо төрсөн тэрбээр багаасаа л ажил хөдөлмөрт шамдаж хүмүүжсэн нь ирээдүйн амьдралаа босгоход түлхэц болжээ. 

Гуч гаруйхан насны залуу амьдралд шалтгаан тоочихоос илүүтэй ажлын амтыг мэдэрсэн сайхан дурсамжаар хөглөгдөх нь урамтай. Тэрбээр арван жилийн сургуулиа төгсөөд үеийн нөхдийн адил их дээд сургуульд сурах боломж байсан ч төрөлх нутагтаа мэргэжил эзэмшихээр шийдэж, Улаангом Политехник коллежийн сантехник, гагнуурчны ангид элсэн суралцсан нь аавынх эрхэлж байсан ажилтай холбоотой гэх. Түүний аавыг Түгжийн Батнасан гэдэг бөгөөд ажилчин ангийн эд эс болон салаалсан хөдөлмөрч хүн. Тухайн үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт худгийн өргөх моторчин, слесариар ажиллах үеэс өрх гэрээ өөд нь татаж, үр хүүхдүүддээ үнэтэй сургаалиа хайрлан ирсэн буянтай буурай. Өдгөө гавьяаныхаа амралтад суугаа.

Энэ л сэжмээр аавынхаа ажлыг өвлөж, багадаа нүдээр харсан зүйлдээ татагдан удам дамжсан сантехникч болохыг урьтал болгосон нь буруудсангүй. Хожим 2007 онд Дарханы Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженерийн ангид элсэн суралцаж, хос мэргэжил эзэмшсэн нь залуу хүний сурах, хүсэл тэмүүлэлтэй холбоотой. Ийнхүү хос мэргэжилтэй болж, 2011 онд төгсөж ирээд “Чанмань-Увс” ХХК-д слесариар ажилд орсон нь эцгийнхээ нууцхан хүслийг биелүүлсэн гэлтэй. Ажлын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал үргэлж шагнадаг гэдэг. Ажлын нэгэн өдөр слесарийн дуудлагаар очсон айл нь “Барилгын инженерүүд” ХХК-ийн захирал Л.Рагчаадоржийнх байсан нь санамсаргүй тохиолдол биш байх. Залуу хүүгийн ажилдаа чин сэтгэлээсээ, хичээнгүй хандаж буйг анзаарсан хашир инженер цай уух зуур нь түүнд ажлын санал тавьжээ. Ингэж түүний өнөөгийн амжилтынх нь эхлэл тавигдаж, 2013 оноос эхлэн “Барилгын инженерүүд” ХХК-иар овоглогдох болжээ. 

Тухайн үед Ерөнхий инженерээр ажиллаж байсан н.Эрдэнэбилэг ахаасаа мэдэхгүй зүйлээ асууж, алдаагаа эргэж хардаг байсан хэмээн дурсах. Эргэж буцалтгүйгээр барилгын салбартай холбогдож, барилгын ажлын суурь үндэс нь чанартай зураг төсөв гэдгийг ойлгож, зураг төсөв боловсруулах нарийн ажилд суралцахын хажуугаар мэргэших сургалтад хамрагдан өөрийгөө хөгжүүлж, сантехник болон цахилгааны зураг төсөв хийх хос мэргэжлийг хичээл зүтгэлээрээ бүтээсэн нь бахархалтай. 

Иймдээ ч тэрбээр өнгөрсөн хугацаанд аймгийн төв болон хөдөө сумдын 100 гаруй томоохон барилга байгууламжийн сантехник, шугам сүлжээ, цахилгааны зураг төсвийн ажилд хувь нэмрээ оруулсан чадварлаг залуу инженерүүдийн нэг болжээ. Мөн байгууллагынхаа 2020 оны “Шилдэг инженер”, ГХБХБГ-ын Өргөмжлөл, аймгийн Засаг даргын Жуух бичиг, Барилга, хот байгуулалтын яамны Баярын бичиг, НАМЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль зэрэг шагналын эзэн болсон байна.

Хийсэн ажил, гаргасан амжилтаараа чамирхах дургүй, илүү ихийг хийх залуу хүний оргилсон хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа нь түүний ярианаас илт мэдрэгдэнэ. Манай үеийн зарим залуучууд ажил голж, хийхээсээ өмнө цалин асуудаг, залхуу хойрго, халамжаар тэтгүүлэх дуртай, бэлэнчлэх сэтгэлгээтэй болсонд харамсаж явдаг гэх. Үеийн залуусынхаа үлгэр дууриалал болж, ханьдаа халамжтай, үрсдээ энэрэлтэй байхыг тэр хүснэ. 

Б.Батмөнх гэх энэ залуу инженер улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, барилгын салбарын нэгэн гялбаа болж төрөлх нутагтаа ажиллаж амьдарч явна.


Холбоотой мэдээ