Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд 10 шүүгч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-13 12:42:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтов.


Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон. Учир нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн  байна. Тиймээс тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжийг хангахаар зорьж, дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлав. 


Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталлаа.


Түүнчлэн “... хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргав.

Холбоотой мэдээ