Бүртгэгдсэн гэмт хэрэг 29.1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 16:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы цаг үеийн нөхцөл байдал болон энэ оны I улирлын гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 5677 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.1 хувиар буурчээ. Үүнд, хүчин, дээрэм, залилан, хулгай, малын хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд тус тус буурчээ. 


Ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг 27-60 хувь өсжээ.



Харин хүний биед хүнд болон хүндэвтэр хохирол учруулах хэргүүд 27-60 хувиар өсжээ. Эдгээр хэрэг нь ахуйн хүрээнд ихэвчлэн гэр бүлийн тааламжгүй харилцаа, маргаанаас шалтгаалсан, мөн архидалттай холбоотойгоор үйлдэгдэн гарчээ. Ахуйн хүрээнд архидсанаас үүссэн гэмт хэрэг 27-60 хувь өссөн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга өнөөдөр мэдээллээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн 3 хоногт гэмт хэргийн дуудлага 23.2 хувиар, зөрчлийн дуудлага 13.2 хувиар тус тус буурчээ. 

Хөл хорионы үеэр дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй салбарын автомашинуудын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат мөн өнөөдөр мэдээллээ. Үүнд: 

  • эмнэлгийн /яаралтай/ тусламж үйлчилгээ
  • хүнсний үйлдвэрлэл түгээлт, /тухайн хүнсийг түгээдэг зориулалтын бүхээгтэй, хөргүүртэй, сурталчилгааны бичигтэй байх/ 
  • оршуулга буюу буяны үйл ажилллагааны автомашин /буяны ажилд оролцож байгаа иргэд тухайн буяны байгууллагаас олгох бичгийг авч явна/
  • тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын автомашин
  • тусгай нислэгээр ирж буй иргэдийг зөөх автомашин
  • тусгаарлалт буюу эмнэлгээс гарч байгаа иргэдийн машин орж байна. 


Холбоотой мэдээ