Цасан болон хүчтэй шороон шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-14 12:54:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр, маргааш нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


Тодруулбал, энэ шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр, маргааш Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.


Маргааш Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 м, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн, шороон шуурга шуурах аж.


Иймд, жолооч нар зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойр бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ