Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилт зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
baljmaaa@montsame.gov.mn
2021-04-15 13:47:06

САНТЬЯГО. /World Copper Conference/. Цар тахлын улмаас өнгөрсөн онд цуцлагдаад байсан Дэлхийн зэсийн 19 дэх удаагийн чуулган энэ сарын 12-13-ны өдрүүдэд Өмнөд Америкийн Чили Улсын Сантьяго хотоос цахимаар зохион байгуулагдав. 


Дэлхийн уул уурхай, тэр дундаа зэсийн салбарын цаашдын зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, коронавирусний цар тахлын үед тогтвортой үйл ажиллагаа явуулах, мөн шинэ техник технологийг үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг чуулганд оролцогчид онцоллоо.


Уул уурхай, зэсийн салбарын өмнө тулгамдаж буй асуудал болон зах зээлийн цаашдын хандлагыг хэлэлцэж, мэдээлэл солилцох зорилгоор тус салбарын бүхий л том тоглогчдыг нэгэн дор цуглуулах нь уг чуулганы мөн чанар билээ. Тиймээс энэ жил уламжлал ёсоор дэлхийн зэсийн гол үйлдвэрлэгч, нийлүүлэгчид болох үндэстэн дамнасан BHP, Рио Тинто, Англо Американ зэрэг корпораци, Чили болон БНХАУ-ын уул уурхай, эрдэс баялгийн салбарын захирлууд, шинжээчид дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож, цахим платформд хоёр өдрийн турш чууллаа. Харин Рио Тинтог төлөөлөн тус компанийн Зэсийн Группын захирал Б.Болд Улаанбаатар хотоос энэ удаагийн чуулганд оролцсон юм. Тэрбээр Монгол Улсын засгийн газартай Оюу Толгой төслийн талаар яриа хэлэлцээ хийхээр эх орондоо ажиллаж буй юм.


Дэлхийн улс орон бүр байгаль орчны асуудалд санаа тавьж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьж байгаатай холбоотойгоор байгальд ээлтэй үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх болсон билээ. Улмаар ийм дэд бүтцийн гол түүхий эд болсон зэсийн эрэлт улам өсөх хандлагатай байна. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1 паунд зэсийн үнэ 4 орчим ам.доллар буюу сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрээд байгаагаас харахад эрчим хүчний үүсгүүүр, зай хураагуур, мөн цахилгаан тээврийн хэрэгсэлд өргөн хэрэглэгддэг зэс метал нь эдийн засгийг гол тодорхойлогч хүчин зүйл болоод байгааг оролцогчид дурдав.


Хурал зохион байгуулагч CRU Группын зэсийн шинжээч Эрик Хэймлик ногоон эдийн засгийг хөгжүүлэх хэрэгцээ нь 2020-иод дунд үе гэхэд зэсийн хомсдол үүсгэнэ гэж дүгнэжээ. Мөн түүний үзэж байгаагаар, 2035 он гэхэд зэсийн жилийн эрэлт 43 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд одоо ажиллаж буй уурхайнуудын нөөц шавхагдаж, 20 сая тонн хүрэхтэй үгүйтэй байгаа дэлхийн зэсийн үйлдвэрлэл 12 сая тонн хүртэл буурах магадлалтай ажээ. 


Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн Эскондида болон Пампа Норте уурхай, мөн Перу Улсын Антамина зэсийн уурхайд тус тус үйл ажиллагаа явуулдаг BHP Группын Минералс Америка компанийн захирал Рагнар Удд хуралд оролцох үеэрээ, "2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, технологийн хөрөнгө оруулалтын улмаас зэсийн хэрэглээ хоёр дахин өснө" гэжээ. Тэрээр, “тогтвортой хөгжилд суурилсан ирээдүйг бүтээхэд байгалийн баялгийн нийлүүлэлтэд найдахаас өөр замгүй” гэсэн юм. 




Харин цар тахалтай холбоотойгоор улс орнуудын хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдээс шалтгаалж зэсийн үйлдвэрлэл 2023 он хүртэл тогтворгүй хэвээр байна гэдгийг CRU Группын Зэсийн судалгаа, стратеги хариуцсан захирал Ванесса Дэвидсон онцлон хэлэв. Ялангуяа Америк тивийн нийт зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн жилд 500,000 гаруй тонноор буурсан байна. Түүний хэлж буйгаар зэсийн үйлдвэрлэл энэ жил бага зэрэг нэмэгдэнэ гэж төсөөлсөн хэдий ч халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд компаниуд үйл ажиллагаагаа хумьсан хэвээр байгаагаас үүдэн зэсийн салбарт цар тахлын үзүүлэх нөлөө ойрын хэдэн жилд ч үргэлжлэх магадлалтай байгааг сануулжээ. 


Уул уурхайн салбарт идэвхтэй нэвтрээд байгаа "ESG" буюу байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын хариуцлагыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгө мөнгө, түүнчлэн тогтворгүй хэлбэлздэг зэсийн үнийн онцлог зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд зэсийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахдаа зөвхөн зэсийн эрэлт болон үнийн өөдрөг төсөөлөлд найдалгүйгээр бусад олон хүчин зүйлийг харгалзан үзэж илүү болгоомжтой хандах болжээ. 


Зохион байгуулагч Чили Улсыг төлөөлж хурлын нээлтийн үг хэлсэн тус улсын Уул уурхай, эрчим хүчний сайд Хуан Карлос Йобет зэсийн тогтвортой үйлдвэрлэлгүйгээр уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож, хүлэмжийн хийг бууруулах боломжгүй гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр уул уурхайн салбарын бий болгож буй ажлын байр, хөрөнгө оруулалт зэрэг урт хугацааны үр өгөөжийг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулж, итгэл үнэмшлийг нь олж чадвал тус улсын уул уурхайн салбарыг цаашид тогтвортойгоор хөгжүүлэх суурь болно гэсэн хэлэв. 


Тэрбээр, олон улсын ажиглагчид цар тахлын улмаас Чилийн зэсийн үйлдвэрлэл 10 хувь орчим буурна гэж таамаглаж байсан ч 2020 онд манай зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхтой ижил түвшинд буюу 5.7 сая тонн байсан гэж дурдаад, 2021 онд 5.9 сая, 2022 он гэхэд 6 сая тонн давна гэж тооцоолж буйгаа хэлжээ. Түүнчлэн тус улс дахь уул уурхайн хайгуулын лицензийн хэмжээ өнгөрсөн жил л гэхэд 14 хувиар өсч, 19 уул уурхайн төсөл хэрэгжиж, ирэх хоёр жилд үйл ажиллагаагаа эхлэхээр бэлтгэж байгаа бөгөөд цаашид олон тэрбум долларын хөрөнгө оруулалт тус улсад орж ирэхээр байгааг онцолжээ.


Мөн зэсийн болон сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Чилийн засгийн газар 2030 он гэхэд дэлхийн хамгийн хямд ‘ногоон устөрөгч’ үйлдвэрлэгч орон болох стратеги баримталж байгаа юм байна. Ус, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан электролиз хэмээх аргаар гарган авдаг энэхүү ‘цэвэр’ устөрөгч нь аж үйлдвэрийн салбарын нүүрстөрөгчийн хийг бууруулах нэг арга замд тооцогддог ажээ.  


Үүнээс гадна хуралд оролцогч уул уурхайн бусад компани уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилтынхоо хүрээнд өөрсдийн үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлж буй туршлагаа хуваалцсан юм. Жишээлбэл, Антофагаста зэсийн уурхай нь 2025 он гэхэд ашиглаж буй усныхаа 90 хувийг ус цэвэршүүлэх технологийн тусламжтайгаар гарган авахаар зорьж байгаа аж. 


BHP группын үйл ажиллагаа явуулдаг Чилийн уурхайнууд нь 2019 оны 12 сараас эхлэн газрын гүний уст давхаргаас ус татан авч үйл ажиллагаандаа хэрэглэхээ бүр мөсөн зогсоож, оронд нь цэвэршүүлсэн ус хэрэглэдэг болсон бөгөөд үүнд  нийт 4 тэрбум ам.доллар зарцуулсан гэв. Чили Улсад үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн томоохон зэсийн уурхайн компани болох Антофагаста Минералсын захирал Иван Арригада хурлын үеэр үг хэлэхдээ, манай компани ирэх жил гэхэд үйл ажиллагаагаа сэргээгдэх эрчим хүчнээс бүрэн хамааралтай болгохоор зорьж байгаагаа илэрхийлэв. 

Холбоотой мэдээ