Улсын дээд шүүх энэ сарын 16-23-нд ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаа болон бусад ажлыг энэ сарын 16-23-нд хязгаарлахаар болсон тухай тус шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабаас өнөөдөр мэдэгдлээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд УОК-ын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай болжээ.
"Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү" хэмээн тус штабын мэдэгдэлд дурджээ.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны "51-261698", "51-261544" утас энэ сарын 20, 22-нд ажиллах аж.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрийлэхийг Улсын дээд шүүхийн Гамшгаас хамгаалах орон тооны бус штабын мэдэгдэлд дурдсан байна.