Хэрлэн сумын 152 иргэнээс PCR шинжилгээ авахад 2 тохиолдол эерэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-16 10:55:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын 152 иргэний PCR шинжилгээний сорьцыг шинжлэхэд хоёр иргэний хариу эерэг гарлаа. Ингэснээр нийт халдвар авсан тохиолдол Хэнтий аймагт 31 бүртгэгдсэнийг шуурхай штабын ээлжит хурлаар өнөөдөр мэдээллээ.


Биеийн байдал хүндэрсэн нэг өвчтөнийг өнөөдөр 06:00 цагаас ХӨСҮТ рүү шилжүүлсэн бол хүндэвтэр байгаа хоёр өвчтөнд вирусийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн газраас цаашид үүсэж болох эрсдэлийг тооцон нэмэлтээр эмнэлэг гаргаж бэлтгэл бэлэн байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Халдвартын эмнэлэг 25 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс Сүрьеэгийн эмнэлэгт ор дэлгэж, тусгаарлах тасаг бэлтгэхээр боллоо.


Шуурхай штабын Тандалт, судалгааны багаас Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 73, дам хавьтал 250 гэж тогтоогоод байгаа бөгөөд судалгааг Хэрлэн сумын Шуурхай штабт хүргэсэн байна. Ойрын болон дам хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж, Шуурхай хариу арга хэмжээний 4 бүлэг гарч 48 цагийн дотор бүх хавьтлаас PCR шинжилгээ авахаар боллоо. Тандалт судалгааны багаас дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ