Уул уурхайн компани сумын хүүхдүүдэд мөнгөн хуримтлалыг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-16 16:30:02

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын 12 хүүхдэд 36.1 сая төгрөгийг нутгийн хишиг болгон хадгалуулжээ.

-“Нутгийнхаа үр өгөөжөөс хүртэх, хүн амын тогтвор суурьшлыг хангах, ирээдүй хойч үеийнхэндээ хөрөнгө оруулалт хийх. Тэдэнд сурч хөгжих боломжийг олгохоор 2014 оноос уул уурхайн "Баян-Айраг эксплорейшн" ХХК, сум хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхэд бүрт тэтгэлэг олгох хөтөлбөр амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байна.

Төрийн банкаар дамжуулан хүүхэд бүрт хадгаламжийн данс нээж жил бүр тодорхой мөнгийг хуримтлуулснаар 9-р анги төгсөх жилээ хадгаламжийн дэвтрээ хүлээн авах нөхцөл бүрддэг юм. Өнөөдөр сумын удирдлагууд дээрх хадгаламжийн эзэд болох 2020 оны төгсөгчдийн төлөөлөлд хадгаламжийн дэвтрийг нь гардуулан өглөө. Энэ жил 12 хүүхдэд 36.1 сая төгрөгийг нутгийн хишиг болгон ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийгээд байна. Хүүхдүүдийн маань ирээдүй үргэлж дардан байж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэж Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд "Баян-Айраг эксплорейшн" ХХК нь тус сумын нутаг дэвсгэрээс гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг бөгөөд хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг байна. 

Холбоотой мэдээ