Монгол тарвага нутагшуулах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-19 12:23:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тус аймагт ховордоод байгаа монгол тарвагыг нутагшуулж, үржүүлэх шийдвэр гаргалаа.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ сарын 14-ний өдөр цахимаар хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь тарвага нутагшуулах асуудал байсан аж.  

Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд зэрлэг амьтдыг өсгөн үржүүлэх, хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг сайжруулах асуудлууд тусгагдсан бөгөөд энэхүү зорилгын хүрээнд монгол тарвага сэргээн нутагшуулах талаар ийнхүү хэлэлцжээ.

Энэхүү асуудлыг шийдвэрлэн ажил хэрэг болгохын тулд Хустайн байгалийн цогцолборт газраас 50 толгой тарвага зөөвөрлөн ирж, нутагшуулах аж.

Өмнө нь аймгийн хэмжээнд тарвага нутагшуулсан туршлага байгаа. Тус аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Бат-Эрдэнэ 2013 онд хувиараа 22 тарвага зөөвөрлөн ирж, нутагшуулсан бөгөөд жил бүр ойр орчмын газрыг нь усалж, өвс тавьж өгч, өсгөн үржүүлж байна.

Мөн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын захиргааны хамт олон 2019 онд Хустайн байгалийн цогцолборт газраас тарвага сэргээн нутагшуулаад мөн л арчлан өсгөж байгаа.

Дундговь аймгийн хувьд бэлчээрийн доройтолд орж, өвсөн тэжээлтэн амьтдыг хамгаалж, өсгөн үржүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй байгаа. Тарвага гэдэг амьтан цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт маш их үр нөлөөтэй.

Тиймээс тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг хэмээн үздэг.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс тарвага нутагшуулах, хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх, нутагшуулснаас хойш хяналт тавих, үр дүнг тайлагнахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад  үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ