П.Нямдаваа: Хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө багш нар боломжит бүх хувилбарыг сонгон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-19 18:57:54

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Пүрэвийн Нямдаваатай ярилцлаа. Цар тахлын үед тус сургуулийн хамт олон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө санаачилгатай ажиллаж байна.


-Танай сургууль хэчнээн багш, ажилтантай вэ?

-Энэ хичээлийн жилд манай сургууль 81 багш, ажилтан, 740 гаруй сурагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жил сургуулийнхаа түүхт 80 жилийн ойг тэмдэглэсэн. Ойн хүрээнд сургуулийн гадна болон дотно орчныг тохижуулах, үе үеийн төгсөгчид болон ахмад багш, ажилчдынхаа хөдөлмөр бүтээлийг алдаршуулах зэрэг ажил хийсэн.

2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай хичээлийн барилга барьж ашиглалтад орсон. Сургуулийнхаа хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглаж байгаа.

-Цар тахлын үед хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?

-Хүүхэд бүрийг теле хичээлээ үзэх шаардлага тавьж байгаа. Гэвч хөдөөгийн малчдын хүүхдүүд тэр бүр тогтмол теле хичээлээ үзэх боломж хомсхон, сүлжээ байхгүй, мал төллөж байгаа үе болохоор завгүй гэх мэт бэрхшээл бий. Тиймээс манай сургуулийн зүгээс сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд хичээл бүр дээр даалгавар бэлдэж цаасаар хэвлээд багийн Засаг дарга нараар дамжуулан малчдын хүүхдүүдэд хүргүүлсэн. Саяхан хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх үеэр хүүхдүүдээс шалгалт авахад боломжийн байсан. Нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүддээ нэмэлтээр хичээл зааж байгаа.

Ер нь танхимд багш нар 40 минутын хичээл заахдаа хүүхдүүдэд ойлгуулах гэж маш их хөдөлмөр шаарддаг. Цар тахлын улмаас хичээл сургууль орохгүйгээр зөвхөн цахим, теле хичээлд найдаад орхих нь хангалтгүй юм. Иймээс хүүхэд нэг бүрийн хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө багш нар санаа тавьж боломжит бүх хувилбарыг сонгон ажиллаж байна.

-Энэ хичээлийн жилд танай сургуулийн багш, сурагчид ямар амжилт гаргасан бэ?

-Манай сургуульд Ази тивийн аваргаас эхлээд аймаг, улсын медальтай сурагч олон бий. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” шторкийн уралдаанд манай сургуулийн “Цэнхэр гараг” клубын багш Б.Сумъяа, Н.Баясгалан нар амжилттай оролцож, аймагт 2-р байрт орсон амжилт гаргасан.

-Танай суманд сургуулиас завсардсан хүүхэд бий юу?

-Бичиг үсэг сайн мэдэхгүй, сургуулиас завсардсан хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдэд сумын Насан туршийн боловсролын багш Ж.Цэдэвсүрэн жил бүр хичээл зааж, хамтарч ажилладаг. Одоогоор 9 болон 12-р анги төгсөх 38 хүүхэд энэхүү сургалтад хамрагдаж байгаа.

Манай сургуулийн сурагчдын 418 нь малчдын хүүхэд бөгөөд тэдний 270 гаруй нь дотуур байранд амьдардаг. Дотуур байрны сурагчдын хоолны материал болон бага ангийн сурагчдын үдийн цай нийлүүлэгчдийг сонгон шалгаруулж, цаг тухай бүрт нь бүтээгдэхүүнээ татан авч байгаа.

Бидний цаашдын зорилго бол хүүхдийн сурах үйлийг дэмжиж, хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх явдал юм.

Миний хувьд сургуулийнхаа захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.

-Ажилд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ