Ховдод халдварын батлагдсан тохиолдол 190 болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-20 11:47:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 338 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо 10-аар нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 190 боллоо.  

Тодруулбал, тусгаарлан ажиглах байр “Royal” зочид буудалд байсан зургаа, гэрийн тусгаарлалтад байсан гурван иргэнээс давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн нэг тээврийн  жолоочоос тус тус халдвар илэрсэн байна. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй.

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 90 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Мөн дөрвөн хүн хүнд, хүндэвтэр дөрөв, бусад нь хөнгөн байна.  

Сүүлд батлагдсан халдвартай иргэнээс зургааг нь өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэж байна.

Коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн 94 иргэн эдгэрч, гэртээ гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 813 иргэн байгаа бол 154 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Мөн 580 иргэн гэрийн тусгаарлалтад, 122 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. 

Холбоотой мэдээ