Мүн Жэ Ин Оросын вакциныг хэрэглэх боломжийг судлахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-22 10:35:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин вакцины нийлүүлэлтийг төрөлжүүлэх олон нийтийн хүсэлтийг харгалзан Оросын “Спутник V” вакциныг хэрэглэх боломжийг судлахыг туслахууддаа үүрэг болголоо гэж Хөх ордны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.


COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хүргэхэд хүндрэл учраад байгаатай холбоотойгоор Оросын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах шаардлагатай байгааг Ерөнхийлөгчийн туслахууд түүнд мэдээлсний хариуд энэ чиглэлд ажиллахыг үүрэг болгожээ.


Ийнхүү Ерөнхийлөгчийн ажлын алба вакцины аюулгүй байдлыг судалж эхлээд байна хэмээн төлөөлөгч мэдээлжээ.


БНСУ ирэх 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоохыг зорьж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхийн тулд вакцины нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг олон нийт уриалах болоод байгаа ажээ. Тус улсад одоогоор “AstraZeneca”, Pfizer”-ийн вакциныг тарьж байгаа юм.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сард эхлүүлснээс хойш БНСУ-д 1.8 сая орчим хүн буюу хүн амын 3.41 хувь нь вакцин хийлгэжээ. 52 сая орчим хүн амтай тус улс нь энэ сарын эцэс гэхэд 3 сая, зургаадугаар сарын эцэс гэхэд 12 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.


БНСУ-д лхагва гарагт халдварын шинэ тохиолдлын тоо дахин 700 давжээ. Ингэснээр халдвар авсан хүний нийт тоо 115 926-д хүрлээ гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. 

Холбоотой мэдээ