Тусгаарлалт уур амьсгалын өөрчлөлтөд гойд нөлөө үзүүлсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-22 15:33:04

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний цар тахлаас үүдэлтэй нэг жил үргэлжилсэн тусгаарлалтын дараа дэлхий дахинд нийгмийн нөхцөл байдал аажмаар сэргэж, үүнтэй зэрэгцэн агаар мандал дахь хүлэмжийн хийн эрчимтэй ялгаралтыг дагуулсан эдийн засаг сэргэж байна. Гэсэн ч вирусний улмаас үйлдвэрлэл зогсож, зам хоосорч, нислэг үйлдэхээ больж хэсэгтээ завсарлага авсан нь уур амьсгалын өөрчлөлтөд гойд нөлөө үзүүлээгүй юм.

Цар тахал дэлхий дахиныг дулаарлын асуудлаас түр сатааруулсан хэдий ч бүр мөсөн арилгаж чадаагүйг олон улсын байгууллагууд анхааруулжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын илтгэлийг сонссон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдэхдээ “Эх дэлхий сүйрлийн ирмэг дээр байна” гэжээ.

“Сүүлийн арван жил түүхэндээ хамгийн халуун он жилүүд болжээ. Хүн төрөлхтөн ямар ч алхам хийснээр ойрын арван жилдээ энэ өөрчлөлтийг бүрэн арилгаж чадахгүй бөгөөд зөвхөн үр дагаврыг нь зөөлрүүлэх боломжтой” хэмээн тус илтгэлд дурдсан байна.

 “Илтгэлээс харахад нэг ч өдрийг алдаж боломгүй гэдэг нь тодорхой байна. Уур амьсгал өөрчлөгдөж, энэ нь дэлхий дахин, хүмүүст маш их зардал чирэгдэл учруулж байна. Энэ оныг шийдэмгий алхам хийсэн жил болгох ёстой. Бүх улс хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд арилгах, 2030 он гэхэд 2010 оныхтой харьцуулахад 45 хувиар бууруулсан байх үүргийг хүлээх хэрэгтэй” хэмээн А.Гутерриш мэдэгдэв.

Дулаарлыг зогсоохын тулд бүх улс орон дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.5 хэмд тогтоон барихыг хичээж, агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тохиролцсон. Энэ зорилт Парисын хэлэлцээрт тусгагдсан хэдий ч  уг бичиг баримтыг хуучирсан гэдгийг экологичид анхааруулжээ.

АНУ-д 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнд Ж.Байден Цагаан ордонд ирснээр Парисын хэлэлцээрт салхи оржээ. Бүгд Найрамдах нам буулт хийж, шинэ Ерөнхийлөгч Жо Байден Д.Трампын Парисын хэлэлцээрээс гарах тухай шийдвэрийг нь цуцалсан юм.

Үүгээр зогсохгүй тэрбээр Глазгод 11 дүгээр сард болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг хүлээлгүйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг дэлхийн 40 удирдагчийг оролцуулсан цахим хэлбэрийн уулзалтыг пүрэв гарагт хийхийг санал болгосон юм. 

Дэлхий халж байна

Энэ уулзалтын өмнө дэлхийн дулаарлын ноцтой асуудлуудыг олон улсын байгууллагууд онцолжээ.

Цаг уурчдын мэдэгдсэнээр, 2020 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун гурван жилийн нэг байсан бөгөөд температур 1850-1900 оны аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.2 хэмээр дулаан байгаа аж.

 “Илтгэлд дурдагдсан уур амьсгалын эдгээр гол үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлт тасралтгүй үргэлжилж, эрс тэс үзэгдлүүд улам бүр давтагдаж, эрчимжиж байгаагийн зэрэгцээ хүмүүс, нийгэм, эдийн засагт ноцтой хор хохирол учруулахыг харуулж байна" гэж Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэлсэн байна. 

Дулаарлаас үүдэлтэй өөрчлөлтүүд гал дээр тос нэмж байна. Өргөн хүрээг хамарсан түймэр нь утаа ялгаруулж, ой мод эзлэх талбайг багасгаж байна. Арктикийн мөс хайлах нь температурыг нэмэгдүүлж, мөнх цэвдэг гэсэж агаар мандалд метан ялгарч байна.

Өнгөрсөн онд Арктикийн далайн мөсний талбай хамгийн багадаа зуны хайлалтаас хойш ажиглалтын түүхэндээ хоёр дахь удаагаа дөрвөн сая орчим хавтгай дөрвөлжин км-т хүрч буурчээ. 2020 оны зун Лаптевын тэнгист далайн мөс хиймэл дагуулын ажиглалтын түүхэндээ хамгийн эрт ширгэжээ. Мөсөн уулс хагарсны улмаас Гренландын мөсөн бүрхүүл хамгийн бага хэмжээнд хүрч жижгэрсэн байна.

Эдийн засгийн эрч суларч, бизнесийн үйл ажиллагаа зогсож, тээвэрлэлт, эрчим хүчний хэрэглээг огцом бууруулсан цар тахал, тусгаарлалтын нөхцөл байдлаас гадна “Ла-Нинья” үзэгдэл болсон ч 2020 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун гурван жилийн нэг болсон байна. 

 

Холбоотой мэдээ