331 харилцагчид 16.8 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-23 11:35:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн арилжааны таван банк 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 331 харилцагчид 16.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Монгол банк нь банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг шаардлага хангасан хуулийн этгээд, иргэдэд банкны чөлөөт эх үүсвэрээр хүүгийн дэмжлэгтэй олгох үйл ажиллагаанд Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагч, банкинд хяналт тавих чиг үүрэгтэйгээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буй. 

Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалахад чухал үүрэгтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчийн үйл ажиллагааг эргэлтийн хөрөнгө, зээлийн дахин санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих зорилготой тус хөнгөлөлттэй санхүүжилтийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналт, тайлагналын тогтолцоог банкны дотоод хяналт, Сангийн яам, Монгол банкны хамтарсан шалгалт болон хууль сахиулах эрх бүхий байгууллагын оролцоотойгоор бүрдүүлж байна. 

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны таван банк 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 296 иргэнд 9.84 тэрбум төгрөг, 35 аж ахуй нэгжид 6.96 тэрбум төгрөг, нийт 331 харилцагчид 16.8 тэрбум төгрөгийн зээл олгосон аж.

Ажлын байрыг дэмжих зээл авахаар 783 харилцагчаас 47.9 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ. Банкнаас зээл олгох шийдвэр нь гарсан боловч авч чадаагүй 47 иргэн, аж ахуй нэгжийн 4.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна гэж Монгол банкны Ховд аймаг дахь салбараас мэдээллээ.  

Холбоотой мэдээ