Батлагдсан тохиолдол 39 боллоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-23 13:18:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн  24 цагийн байдлаар Дундговь аймагт коронавирусний 4 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 39 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдол Эрдэнэдалай суманд 1 бүртгэгдэж  тус суманд батлагдсан тохиолдол 32 болсон бол Өлзийт суманд 3 нэмэгдэж, батлагдсан тохиолдол 7 болжээ.

Коронавирусний нөхцөл байдлын талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгсөөс тодруулахад “Бид халдвартай нь тогтоогдсон иргэдээ тусгаарлан хоёр сумын ЭМТ-д тусгаарлан эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж байна. Хавдар болон суурь өвчтэй, хүндрэх эрсдэлтэй иргэдэд онцгой анхааран вирусний болон шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж байна.

Өлзийт суманд тандалт судалгааг үргэлжлүүлж байгаа. Өчигдрийн байдлаар Өлзийт сумаас 70 км орших иргэдэд тандалтын шугамаар 44 PCR шинжилгээг авч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хүргүүлсэн.

Энэ хугацаанд Өлзийт сумаас 186 PCR шинжилгээг авч, шинжилгээнд хамруулсан. Мөн иргэнд түргэвчилсэн шигжилгээ хийж, тусгаарлах байранд 2 иргэн ажиглалт хяналтад байна.

Эрдэнэдалай суманд хатуу хол хорионы дэглэм үргэлжилж, хяналтын эргүүл постууд ажиллаж байна. Өчигдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын иргэдэд түргэвчилсэн шинжилгээг хийхэд 4 иргэнийх эерэг гарч, тусгаарлах байранд тусгаарлан хяналтад авлаа.

Мөн энэ хугацаанд 24 иргэнээс PCR шинжилгээний сорьц авч, Улаанбаатар руу хүргүүлсэн. Коронавируст халдвартай, эмчлүүлж байгаа 23 өвчтөнөөс эсрэг биет илрүүлэх шинжилгээг авч,  баталгаажуулахаар ХӨСҮТ-д хүргүүллээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн гишүүдээс халдвар илрэх тохиолдол ажиглагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагын хувьд зөвхөн цар тахалтай тэмцэх, халдварын голомтод ажиллахаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд хэвийн ханган ажиллаж байна.

Цаашид коронавирусний халдварын голомтыг таслан зогсоохын тулд тухайн халдварыг эрт илрүүлэх, тусгаарлах, ард иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмж зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэн ажиллах тал дээр анхаарч байна.

Мөн эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангах, эм эмнэлгийн, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр анхаарал тавин ажиллаж байгаа” гэлээ. 

Холбоотой мэдээ