Ж.Байден армяны геноцидыг хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-25 19:49:21

ВАШИНГТОН. /TASS/. Османы эзэнт гүрэнд XX зууны эхээр болсон үйл явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “армяны геноцид” гэжээ.


Ж.Байденаас өмнө ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан хүмүүс ийм нэр томьёог хэрэглэхээс зайлсхийж байсан юм. 


“Жил бүрийн энэ өдөр бид Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасны улмаас амь үрэгдсэн хүмүүсийг дурсан санаж, ийм харгислал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх амлалтаа өгдөг” хэмээн тэрбээр тус үйл явдлын улмаас амиа алдсан хүмүүсийг дурсах өдрийг тохиолдуулан мэдэгджээ.


“Амьд гарсан хүмүүсийн дийлэнх нь өөр улс орнууд руу тэр дундаа АНУ-д  шинэ гэр орон, шинэ амьдрал хайхаас өөр аргагүйд хүрсэн. Хүч чадал, тэсвэр хатуужил гаргасан Арменийн ард түмэн амьд үлдэж, хамт олноо сэргээн босгов. Хэдэн арван жилийн турш армян цагаачид АНУ-ыг олон талаар нь баяжуулан хөгжүүлж ирсэн боловч тэд манай нутагт ирэхээс өөр аргагүйд хүрсэн өвөг дээдсийнхээ эмгэнэлт түүхийг мартаж байгаагүй юм. Бид тэдний түүхийг хүндэтгэдэг. Бид энэ зовлонг мэднэ. Бид түүхийг хамгаалдаг. Бид бурууг тохохын тулд бус болсон явдал дахин хэзээ ч давтагдахгүй байлгах баталгаа болгохын тулд үүнийг хийж байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мөн мэдэгдсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 1915 онд болсон үйл явдлын талаарх мэдэгдэлдээ “геноцид” гэдэг үгийг дурдахаас зайлсхийж байсан юм. Түүнчлэн 2009-2017 оны хооронд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Барак Обама мөн энэ тодорхойлолтыг ашиглаж байгаагүй. АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхим 2019 онд анх удаа армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталжээ. Энэ нь Туркийн эрх баригчдын зүгээс хатуу шүүмжлэл дагуулсан юм. 


Османы эзэнт гүрний үед Армяны хүн ам 2.5 сая орчим байжээ. 1915 онд Османы эзэнт гүрний нутаг дэвсгэрт армян үндэстнийг олноор нь цөлсөн, хоморголон устгасны улмаас 600 мянгаас 1.5 сая орчим хүн амь үрэгдсэн гэж үздэг байна. Армянчууд олноороо амь үрэгдсэн гэдгийг Туркийн Засгийн газар хүлээн зөвшөөрдөг хэдий ч “геноцид” гэсэн нэр томьёог хэрэглэхийг эсэргүүцдэг байна. Армянчууд амь үрэгдсэн нь Засгийн газрын бодлогын үр дүн бус иргэний дайнаас үүдэлтэй гэж Туркийн эрх баригчид үздэг аж. 

Холбоотой мэдээ