Э.Баярбаясгалан: Гэр бүлийн хүчирхийлэл ноднингийн мөн үеэс 39 хувиар нэмэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-27 10:19:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн төв байгууллагаас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор цахим хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 23-нд "Клабхаус" цахим сүлжээгээр “Гэр бүлийн хүчирхийлэл ба хөл хорио” сэдэвт цахим хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн асуултад албаны хүмүүсийн хариулсныг хүргэж байна.


ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:



-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг ойлгох вэ? 


-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хэн нэгэн нь эрх мэдлийн давамгай байдлаа тогтоохын тулд бие махбод, бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны эсрэг үйлдэж байгаа тэнцвэртэй биш харилцааг хэлдэг. Гэр бүлийн хамаарал бүхий хүнд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хамтын амьдралтай байж байгаад салсан, хэдийгээр хамтран амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй болчихсон хүмүүс, нэг гэр өрхөд амьдарч байгаа төрөл садны хүмүүсийг хэлдэг. 


-Он гарсаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэчнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бэ? 


-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сарын байдлаар 388 бүртгэгдсэн нь ноднингийн мөн үеэс 39 хувиар өссөн байна. Харин дуудлага, мэдээллийн хувьд 11 300 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй адил байна. Зөрчлийн хувьд, 2 777 бүртгэгдсэн нь ноднингийн үеэс 18 хувиар буурсан. 


Хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1 365 дуудлага ирсэн.

Ер нь, хоногт зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг бөгөөд хөл хорио тогтоосон хамгийн эхний өдөр 182 дуудлага мэдээлэл хүлээн авсан.

Бусад өдөр 100-гаас доош дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 


-Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх бол  хаана хандах вэ? 


-Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл авах журмыг зохицуулсан. ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөхөөс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Цагдаагийн байгууллага мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээх, мэдээлэл өгөх боломж бүрдсэн. 


-Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлсэн иргэдийн нууцыг хэрхэн хамгаалах вэ? 


-Хөршүүдээс мэдээлэл их ирдэг болсноор энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжтой болсон. Зарим тохиолдолд хөрш нь намайг мэдээлэл өгснийг мэдчихвэл яах юм бэ, мэдчихээд миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэж их асуудаг.

Тэгэхээр хуульд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр бүх хуулийн байгууллага үүрэг хүлээдэг.

Амьдрал дээр 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа гэрчийн мэдээлэл задарчихаад байсан юм. Зөрчил гаргасан этгээд зөрчлийн хэргийн материалтайгаа танилцахдаа хэн дуудлага мэдээлэл өгснийг мэдчихдэг байсан. 


Тэгвэл бид олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа нэгдэж байгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг ноцтой зөрчих зөрчлийг шалгасан алба хаагч хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байж болох заалтыг оруулсан. Тэгэхээр мэдээлэл задруулах асуудал нэг мөсөн арилсан.


НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: 



-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчил гаргасан айлыг яаж хянадаг вэ? 


-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 2 000 гаруй иргэн байна. Эдгээр айл өрхүүдээ аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилдаг. Аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрхөд НГБХЗХГ-тай хамтраад 171 хороонд тусгай ажлын баг гаргаж, айл өрхүүдээр биечлэн явж, хянан шалгаж байна. Учир нь тухайн айл өрхүүдээс байнга ирдэг дуудлага нь зогсчихдог. Тиймээс хатуу хөл хорио тогтоосон үед эдгээр айл өрхийг заавал шалгахаас өөр арга байдаггүй учраас хамтарсан баг гарган тогтмол хянан шалгах ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн нэгдсэн сан гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэхэд нь санд бүртгэж дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зорилгоор хамтарсан багийн тусламжтайгаар бүсчилж хянадаг. 


-Цар тахлын улмаас гадаад улс орнууд ч хөл хорьж байна. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил олон улсад ямар байгаа вэ? 


-Бид олон улсын байгууллагын хийсэн судалгааг харахад, олон улсад коронавирусний халдварыг цар тахал гэж зарласнаас хойш гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, гэмт хэрэг маш их нэмэгдсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл, Бельги улсад 70 хувиар, АНУ-д 30 хувиар, Колумбид хоёр дахин нэмэгдсэн байна билээ.

Хүчирхийлэл ихсэж байгаагийн шалтгаан нь нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, хөл хорионы үед хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэгч хоёр нэг орчинд амьдрах цаг нь нэмэгдэж байгаа зэрэгтэй холбоотой. 


-Цар тахлын тархалт өндөр байгаа энэ үед хүчирхийлэл үйлдсэн айл руу орж, тандаж байгаа юу? 


-Хөл хориотой холбоотойгоор яг одоо хяналтад авсан хүмүүсийн гурван тохиолдол нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон.


Эдгээрийн нэгд нь зөрчлийн эрүүгийн хэрэг, хоёр дээр нь зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хөл хориотой холбоотойгоор, хүчирхийлэлд хүүхдүүд түлхүү өртөж байгаа нь үнэн. НГБХЗХГ-тай хамтраад, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг илрүүлэх, тэдэн рүү чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын хувьд, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлээд хүүхдийн байгууллага буюу 108-д хүлээлгэн өгч, энэ байгууллагын мэргэшсэн багийн хамт олон үргэлжлүүлэн ажилладаг. Бидний хувьд, хүүхдийг тийм байдалд оруулсан хүмүүсийг шалгах ажлыг хийдэг. Миний хувьд, алба хаагчиддаа, "халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад хяналтад орсон айлууд руу заавал орж, хүүхдийн нүдийг нь сайн хараарай, нүдэнд нь айдас хургаж уу, асуудал үүссэн үү гэдгийг маш сайн ажиглаарай" гэдэг захиасыг байнга хэлдэг. Мөн гэр бүлийн бусад гишүүдтэй нь холбогдож, тандан судалж байна. Мэдээж бид халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, зай барих зэрэг бүх талын дэглэмийг сахин өрхүүдийг хянаж байгаа. 


-Хүүхдийн түр хамгаалах байр дүүрэг бүрт байдаг. Хөл хорионы үед хамгаалах байр ажиллаж байгаа юу? 


-НЦУГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр есөн дүүрэгтээ мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг. Мөн хэлтсийн хажууд тусгай дугаарын 107 утсыг ажиллуулдаг бөгөөд түр хамгаалах байрыг мөн ажиллуулдаг. Он гарсаар 60 гаруй хүн түр хамгаалах байранд байрласны 37 нь хүүхэд байсан.


Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг.


Өсвөр насны хүүхэд, тэр дундаа бага насны хүүхэд үр хөндүүлэх тухай яригдаж байна гэдэг нь нуугдмал гэмт хэрэг байгааг үгүйсгэх аргагүй. Шаардлагатай мэдээ, мэдээлэл орж ирсэн тохиолдолд, хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртчихөөд явж байгаа юм биш биз гэдэг үндсэн дээр зайлшгүй хуулийн дагуу шалгахаас өөр арга байдаггүй.


Хөл хориотой холбоотойгоор эхний нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлт буурдаг. Тэгээд 30-аас дээш хоногт гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Нийслэлийн хэмжээнд аюулын зэргийн үнэлгээ өндөр айл өрхүүдээр биечлэн явж шалгах үүргийг дүүрэг бүрт өгдөг. Оны өмнөхөн Засгийн газраас улсын хэмжээнд 103 хүүхдийн байцаагчийн орон тоог гаргасан бөгөөд үүний 53 нь нийслэлд хуваарилагдсан. Өмнө нь манай хэлтэс хүүхдийн хэргээр дагнадаг байсан бол энэ оны хоёрдугаар сараас эхлэн Гэр бүл, хүүхдүүдийг хамтад нь хариуцах болсон. 


ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:


-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад цагдаагийн байгууллагын оролцоо, манлайлал хэр байгаа вэ? 


-Цагдаагийн байгууллагын хувьд, гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь хэрэг, зөрчлийн адил шалгаад явдаг байсан. Гэвч нийгэмд энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдол өгч ажиллах ёстой хэмээн үзэж ноднингийн нэгдүгээр сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийллийн хэлтсийг байгуулсан. Ингэснээр илүү өргөн хүрээтэй ажиллах, хуулийн дагуу цогц арга хэмжээ авахад илүү дөхөм болсон. Манай хэлтсийн хувьд цаг тутамдаа алба хаачдаа сургаад, чадавхжуулах тал дээр тогтмол ажиллаж байна. 


Цагдаагийн алба хаагч хохирогч төвтэй хандлагатай байх ёстой, хохирогчийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажилладаг байх ёстой гэсэн сургалтыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл дээр бусад байгууллагаа манлайлан ажилладаг бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг батлах үед цагдаагийн байгууллагаас манлайлан оролцож, зохицуулах шаардлагатай олон асуудлыг хуульд тусгуулсан. 


-Төвөөс зайдуу байдаг хороод, сумд руу илүү хүрч үйлчлэх шаардлагатай. Энэ тал дээр хэрхэн анхаарч, үр дүнтэй ажиллаж байна вэ? 


-Цагдаагийн байгууллагаас алслагдсан хороо, сумдын иргэдэд хүрч ажиллахыг маш их хичээдэг. Ингээд явж байхдаа эдгээр хүмүүс ус, бензин, дэлгүүрээр үйлчлүүлдэг бөгөөд энэ үеэр нь мэдээ, мэдээллийг хүргэдэг. Зарим аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүн, малчдад зориулсан календар зэрэгт мэдээлэл нааж явуулж байсан.


Нөгөө талдаа, цагдаагийн байгууллагаас байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдийг хянадаг. Хэсгийн төлөөлөгч, байцаагч болон хамтарсан багийнхаа хүмүүсээр дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулж байна. 


Өмнө нь бид гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн дотоод хэрэг гээд огт ойшоодоггүй байсан бол одоо гэмт хэрэг юм байна, тусламж үзүүлэх ёстой, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой юм байна гэж үзээд бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Өмнө нь тус хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүн амины гэмт хэрэг жилдээ 300 гаруй бүртгэгддэг байсан бол хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ төрлийн хэрэг жилдээ 200 болж цөөрсөн. 


Шинээр хэрэгжиж буй хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагаас аюулын зэргийг анх удаа үнэлдэг болсон. Энэ аюулын зэргийн үнэлгээг хамгийн ойлгомжтойгоор хэлбэл, хохирогч амиа алдах эрсдэл хэр байгаа гэдгийг тухайн орчинд тогтоож байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч тухайн хохирогчийг гэрт нь үлдээгээд явах уу, эсвэл хамгаалалтад авах уу гэдэг ажлыг хийнэ гэсэн үг. Мөн хүчирхийлэлд өртсөн үедээ хаана хандах талаар бичгээр мэдээлэл өгч эхэлсэн.  Мөн хохирогчийг гэрээс нь авч явахдаа ямар зүйл хэрэгтэй байгаа талаар ярилцаж, хүчирхийлэл үйлдэгчид шаардаж гаргуулах, гэрээс нь авч өгөх үүрэг хүлээлгэсэн байгаа. 


-Хүчирхийллийн зөрчил болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалт явуулдаг гэж байсан. Хэр үр дүнтэй вэ?  


-Тус сургалтад албадан болон сайн дурын үндсэн дээр хамруулдаг. Нийслэлийн хэмжээнд баривчлагдсан байранд нь ШШГЕГ-аас зан үйлд нөлөөлөх сургалтыг хийдэг бол хөдөө орон нутагт цагдаагийн байгууллага хийдэг. Тухайн этгээдийг шүүхээс 7-30 хоног баривчлахдаа, долоон хоногт нь саатуулаад, дараагийн 10 хоногт Зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах, эсвэл 30 хоног саатуулаад 50 цаг албадан сургалтад хамруулах гээд цагийг нь заасан. Зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар эрх зүйн мэдлэг олгох, бясалгал хийх, сэтгэл зүйчтэй харилцах гэх мэт хөтөлбөртэй байдаг ч нийслэлд 100 хувь чанартай гэж хэлэхэд хэцүү.

Орон нутгийн цагдаагийн байгууллагын хувьд, энэ ажлыг маш сайн хийдэг. Гараад ирэхээр нь зан үйлд нөлөөлөх ажлыг хороодын хамтарсан багууд хийдэг. Зөвхөн баривчлаад дуусахгүйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх ажлыг заавал хийх ёстой. 

Холбоотой мэдээ