Элсэлтийн ерөнхий шалгалтад Ховд аймгаас 1275 сурагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-28 12:53:49

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зохион байгуулдаг. 

Тэгвэл 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл тавдугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд цахим (онлайн) хэлбэрээр явж байна.  

Ховд аймгийн тухайд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл 95-96 хувьтай үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус шалгалтыг өгөхөөр 1275 сурагч бүртгүүлсэн. Үүнээс 286 нь өмнөх оны төгсөгч аж.

Өмнөх онтой харьцуулахад элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдын тоо нэмэгдсэн байна. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд төгсөх ангийн сурагчдад зориулан цахим давтлага хичээл орж байгаа. Гэхдээ зарим сургуулийн хувьд давтлага хичээлийн үр дүн тааруу, хамрагдаж буй сурагчдын тоо бага байна гэх мэдээлэл бий. Иймд Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлэн давтлага хичээлийн явц, үр дүнгийн талаар сурагчдаас гар утсаар түүвэр судалгаа мэдээлэл авч ажиллахаар боллоо. Мөн төгсөх ангийн сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын цахим сорил авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 8-9 сорил шалгалт зохион байгуулсан гэж Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Батнасан хэллээ.

Тус шалгалтад 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуульд элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй. Цахим бүртгэлд хамрагдахдаа өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөв. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 1-4-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй. 



Холбоотой мэдээ