Ж.Далай: Хотон ястны өв соёлыг хүүхэд нэг бүрт багаас нь өвлүүлэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-28 13:13:17

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын цэцэрлэгийн эрхлэгч Ж.Далайтай ярилцлаа. Тус сумын цэцэрлэг энэ хичээлийн жилээс эхлэн сүүлийн үеийн стандартад нийцсэн шинэ байртай болж үйл ажиллагаагаа явуулж байна.  


-Цэцэрлэгийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай цэцэрлэг 65 жилийн түүхтэй. Одоогоор 28 багш ажилчид, 247 хүүхэдтэйгээр сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг явуулж байна. Тариалан суманд цэцэрлэгийн насны 425 хүүхэд байгаагаас 247 нь өдрийн 8 бүлэгт хичээллэж байгаа. Үлдсэн 175 нь малчдын хүүхэд бөгөөд тэднийг хувилбарт сургалтаар хичээллүүлдэг. Хувилбарт сургалтыг жил бүрийн 5-р сарын 10-наас 6-р сарын 10 хүртэл Увс нуурын хөвөөнд, 7-р сарын 1-нээс 8-р сарын 1 хүртэл Багийн төв дээр хичээллүүлдэг. Ер нь бол сумынхаа сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулдаг.

-Танай цэцэрлэг шинэ байртай болсон байна?

-Хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу барьсан 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн оны 10-р сарын 26-нд хүлээж авсан. Шинэ байртай болсноор хүүхэд багачуудыг сурч, хүмүүжих таатай орчин нөхцөлөөр хангаснаас гадна багш ажилчид бид ч гэсэн ажиллах урам зоригоор дүүрэн байгаа. Байраа хүлээж авснаас хойш багш ажилчдынхаа хүчээр тохижилтын ажлыг байнга хийж, хүүхдүүд сурч хүмүүжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлсээр байна. Цаашдаа төр засгаас цэцэрлэгүүдийг яслийн бүлэг нээж ажиллуул гэвэл манай цэцэрлэгийн хувьд хоёр ч анги бэлэн байна.

-Цар тахлын энэ хүнд үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайх өмнө нь 6 бүлэгтэй хичээллэж байгаад өнгөрсөн 9-р сарын 1-нээс эхлэн 8 бүлэг болсон. Мөн эмчийн орон тоо нэмэгдсэн. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц байнга өндөр байдаг. Цар тахлын үед халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цэцэрлэг ажиллахгүй үед малчдын хүүхдүүдэд багийн даргаар нь дамжуулан тараах материал хүргүүлсэн бол сумын төвийн хүүхдүүдтэй цахимаар холбогдож байгаа.

Энэ хичээлийн жилээс эхлэн “Хүн болох багаасаа-1” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд манай цэцэрлэгийн хамт олон энэхүү хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байна. Сумын хэмжээнд ирэх намар сургуульд орох 5 настай 96 хүүхэд байгаа. Тэр бүгдэд бид хүрч ажиллаж чадсан.

-Танай цэцэрлэгээс зохион байгуулж буй шинэлэг ажил, арга хэмжээ юу байна?

-Эцэг эхчүүдтэйгээ хамтраад хотон ястны өв соёлыг хүүхэд нэг бүрт багаас нь өвлүүлэхийн тулд бий биелгээ хийх, икэл хөгжим тоглох, арвайн гурил боловсруулах арга ухаанд сургаж ирсэн. Мөн хүүхдүүдийн ээжүүдийг долоо хоног бүр ээлжээр “Багш ээж”-ээр ажиллуулж, багш нартаа туслуулдаг.

“Хүн болох багаасаа-1” хөтөлбөрийн хүрээнд даамны сургалтыг түлхүү оруулж байгаа. Цэцэрлэгийн 8 бүлэгтээ 4 цагаас хойш 30 минутын турш даам тоглох цагтай болгосон. Ингэснээр хүүхдүүдийн даам тоглох чадвар сайжирч байгаа. Дунд бүлгийн хүүхдүүд даам өрж, хураахыг эзэмшсэн бол ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд даам нүүж сурсан. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд маань дунд бүлгийн дүү нартаа даам тоглохыг зааж өгөх гэх мэтээр хичээллэдэг.

-Цэцэрлэгийнхээ амжилтуудаас?

-Манай цэцэрлэг 2010 онд Улсын тэргүүний цэцэрлэг болж байсан. Сүүлийн жилүүдийн амжилт гэвэл 2017 онд ажил үйлсээрээ аймагт 3-р байр, 2018 онд 2-р байр, 2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжигч цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан. Энэ бүхэн манай цэцэрлэгийн багш, ажилчид болон эцэг, эхчүүд хамтран ажиллагч байгууллагууд та бүхний минь амжилт юм шүү. Та бүхэндээ баярлалаа.

-Ажилд тань амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ