ЭЗБХ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Ажлын баг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн Энэ дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжих үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.
Мөн төслийн 9.1, 13.2, 31.2 дахь хэсэг, 43.1.1 дэх заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн ч найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хэсгийг өөрчлөн найруулсны дотор төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна.
Ажлын багийн гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 13.2 дахь хэсэг буюу хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөх нь хоршооны хөгжлийг дэмжихэд илүү тохиромжтой гэж үзэж зарчмын санал боловсруулсан нь ажлын багийн гишүүдийн олонхын дэмжлэг авсан байна. Энэхүү саналтай холбогдуулан төслөөс хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбоотой зохицуулалтыг төслөөс хасах зарчмын саналыг ажлын багаас мөн боловсруулсан гэлээ.
Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураасан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар тус бүр санал хураан шийдвэрлэв. Түүнчлэн зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураан шийдвэрлэсэн.
Үргэлжлүүлэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ажлын баг боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.
Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг дэмжсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.