Нэг их наядын хөл хорио ба үр дүн

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-04-30 14:27:28

Монгол Улсын хэмжээнд дөрөв дэх удаагийн хатуу хөл хорионы үе үргэлжилж байна. Үүнээс өмнө коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш монголчууд гурван удаагийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэмийн хугацааг даваад байсан юм.


Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс халдвар тархалтын явц эрчимтэй нэмэгдсэн нь хөл хориог дэмжихгүй гэдгээ дахин дахин илэрхийлж байсан Засгийн газрын байр суурийг гарцаагүй өөрчлөхөд хүргэсэн билээ. Ингээд 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 14 хоногийн хөл хорио эхэлсэн ч халдварын тохиолдол буурахгүй, эрсдэл маш өндөр байгааг үндэслэн дахин 14 хоног хориог сунгасан.


Эдийн засаг хүндэрсэн, бизнесийн орчин хямралын хэмжээнд хүрсэн учир аль болох хязгаарлалтын дэглэмээс зайлсхийх оролдлого хийх хэрэгтэйг эдийн засагчид сануулсаар байсан. Гэвч коронавирусээр халдварлагсдын тохиолдол, нас баралт болон маш хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо богино хугацаанд огцом нэмэгдсэнээр хөл хориог эрс эсэргүүцэж байсан эдийн засагчдын тайлбарыг хүлээж авахын аргагүй нөхцөл байдалд хүрсэн юм. Дэлхий нийтээр цар тахлын эсрэг авах хамгийн гол хувилбар арга хэмжээ бол вакцинаас гадна хөл хорио гэж үзэж байгаа ч бүхий л салбар хямарсан энэ үед уг шийдвэр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байлаа. Харин энэ удаад Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгож нийт нэг их наяд 11 тэрбум төгрөг зарцуулсан нь байдлыг харьцангуй намжаасан гэж үзэж болно.


Өнөөдрийн байдлаар /2021.04.30/ манай улсад ковидын халдварын тохиолдол 35,9 мянга, нас барсан хүний 110 болоод байна. Өнгөрсөн хугацааны хязгаарлалт, хөл хорионууд нь цар тахлын эсрэг оновчтой арга хэмжээ болоогүй, ердөө л эдийн засгийн хувьд ноцтой хохирол учруулсан хэлбэр төдий зүйл гэдгийг тархвар судлаачид үгүйсгэж байна. Хэрэв хөл хорионы арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлээгүй бол яг энэ цаг үед халдварын тохиолдол 100 мянга давж, нас баралт хэдэн мянгаар тоологдох байсан гэсэн тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хөл хорио үр дүнгээ өгч, нөхцөл байдал өнөөдрийнхөөс ч дор хэмжээнд хүрэх байснаас сэргийлсэн гэж тэд дүгнэсэн.




Хөл хорио тогтоож эхлэх үед халдварын тохиолдол зөвхөн нийслэл хотод л гэхэд өдөрт 1000-1200 орчим байсан бол өнөөдөр тархалтыг энэ хэмжээнд тогтоон барьж байгаа нь энэ удаагийн хязгаарлах арга хэмжээний гол зорилго нь байсан гэнэ. Ер нь хөл хориог чанд сайн мөрдөж чадвал, мөн вакцинжуулалтын явц зэргээс үндэслэн тооцоолоход долдугаар сарын дунд үе гэхэд вакцинжуулалтын нөлөөгөөр тархалт 60-70 хувь буурна гэж судлаачид үзэж байгаа юм.


Хэдийгээр Улаанбаатар хот орчим дахь тархалтын хэмжээг тодорхой тоонд хязгаарлаж чадаж байгаа ч хөдөө орон нутагт халдвар эрчимтэй тархаж эхэллээ. Энэ нь алслагдмал нутгийн иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чадамж бололцоо дутагдах вий гэсэн айдас үүсгэж байна.


Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байх хугацаандаа хангалттай хэмжээнд бэлтгэл базааж, хариу арга хэмжээ авах бололцоогоо дээшлүүлж чадаагүй учраас одоо хүндхэн нөхцөлтэй тулгарлаа гэж иргэд олон нийт шүүмжилдэг. Урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулахад чиглэсэн ажлуудыг хангалттай хийгээгүй, мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлж чадаагүй гэх мэт олон дутагдлыг тэд сөхөж байгаа. Харин нөгөө талаас урт хугацаанд дотооддоо халдвар тархаалгүй барьж чадсан нь вакцин үйлдвэрлэгдтэл иргэдээ тодорхой хэмжээгээр хамгаалсан том амжилт гэж дүгнэдэг.  


Үүнээс гадна цар тахлыг таслан зогсооход нөлөөлөх, үр дүнтэй арга хэмжээ бол хүүхдүүдийг дархлаажуулах явдал гэж эрдэмтэд үзэх болсон. Хүүхдийн вакцины туршилтууд хийгдэж байгаа энэ үед манай улсад дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудын дархлаажуулалтад одооноос бэлдэх, хэрхэн яаж зохицуулах асуудал яригдаж эхлээд байна. Уг ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд худалдан авах эх үүсвэр, захиалга зэрэг дээр насанд хүрэгчдийг вакцинжуулах үед гарсан шиг алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай юм.


Монгол Улсад өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын явц 39,3 хувьтай байна. Нийлүүлэлт, татан авалтын алдаа доголдлоос шалтгаалж зогсоход хүрээд байсан дархлаажуулах ажил энэ сарын 23-наас дахин хэвийн үргэлжилж эхлээд байгаа юм. Улаанбаатар хотын зорилтот бүлгийн иргэдийг тавдугаар сард багтаан бүрэн тунд, хөдөө орон нутгийн иргэдийг долдугаар сард бүрэн хамруулахаар зорьж байна. Дэлхий нийтэд хүн амынхаа 60 хувьд нь дархлаажуулалт хийвэл аюулгүй болно гэж үзэж байсан бол одоо энэ тоо өөрчлөгдөж 80 хувь болсон билээ.  


Хэдийгээр вакцинд хамрагдах иргэдийн оролцоо сайн байгаа, өдөртөө 50 мянга хүртэлх хүнийг дархлаажуулж байгаа ч вакцинд хандах хандлага олон нийтийн дунд янз бүр байна. Олонхи нь одоо хийгдэж байгаа вакциныг /VeroCell/ хүлээн зөвшөөрч хамрагдаж байгаа ч чанар үр дүнд нь эргэлзэж байгаа иргэд цөөнгүй. Мөн ОХУ-аас нийлүүлэх нэг сая тун вакциныг хүлээж дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд ч байгаа юм. Дэлхий нийтийн хэмжээнд вакцины нөөцийн хомсдолтой байгаа энэ үед аль болох цаг алдалгүй аль олдоцтойг нь сонгох нь зөв гэж эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ зөвлөж байна. Одоогоор вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0,4 хувь нь дахин халдвар авсан гэсэн судалгаа гарсан нь харамсалтай хэдий ч тоон судалгааны хувьд бага гэж ойлгож болох аж.

Судлаач эрдэмтэд энэ оны эхэнд хийсэн тооцоолол таамагтаа манай улсад дөрөв, тавдугаар сард тархалтын нөхцөл байдал оргилдоо хүрнэ гэж байсан юм. Тэдний хувьд хөл хорих замаар цар тахалтай тэмцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан ч эдийн засгаа зогсолтод оруулахгүй байх, басхүү иргэд аж ахуйн нэгжүүдийн зүгээс ирэх эсэргүүцэлтэй тулгарахаас зайлсхийж болгоомжилсон шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил тохиож байгаа учир нэг талаас улс төрийн хувьд тал алдахгүй шийдвэр гаргахыг эрмэлзэж байсныг ч үгүйсгэхгүй. 



Холбоотой мэдээ