Б.Нийслэлхүү: “Үндэсний бичигтэн” аймаг болох зорилт тавьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-04 12:50:35

Увс /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн БСУГ-ын хэл, бичгийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Нийслэлхүүтэй ярилцлаа.


-Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл хэзээ байгуулагдсан бэ?

-Анх 2016 онд Увс аймагт хэлний салбар зөвлөл байгуулсан. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдад үндэсний бичгийг заах, албан байгууллагуудад монгол бичгийн орчин бүрдүүлэх, монгол хэлний багш нарыг чадваржуулах, хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах гэсэн 4 том зорилтын хүрээнд Монгол хэл, бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд хөдөөгийн 18 сумын 100 орчим, аймгийн төвийн 144 төрийн байгууллагын 18-45 насны 2908 ажилтан албан хаагчдыг монгол бичгийн сургалтад хамруулан удирдлагаар хангалаа.

Салбар зөвлөлийн гишүүд монгол хэл, бичгийн багш нартай хамтраад төрийн албан хаагчдад хичээл заах, үр дүнг тухайн байгууллагын ажлын гүйцэтгэлийн гэрээнд тусгах, ажлын үнэлгээнд оруулах, байгууллагын сургагч багш нарыг бэлтгэх гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй ажилласан. Анх 2908 албан хаагчийн үндэсний бичгийн боловсролын гарааны түвшин 15,4 хувьтай байсан бол 4 жилийн дараа 23,5 болж ахисан байна. Мөн 144 байгууллагад сургагч багш нарыг тодруулан, батламж гардуулсан.

-Нэг үеэ бодвол албан байгууллагууд гаднах хаягаа монгол бичгээр бичдэг болжээ?

-Хэлний салбар зөвлөлөөс улиралд нэг удаа төрийн албан хаагчдын монгол бичгийн унших, бичих чадвар болоод хэл бичгийн орчин бүрдүүлж байгаа үйл ажиллагаанд нь үнэлгээ дүгнэлт хийдэг. 2017 онд монгол бичгийн гэрлэн хаягтай байгууллага байхгүй байсан бол 2020 онд нийтдээ 78 байгууллага хаягжсан. Мөн 144 байгууллагаас 2 байгууллага монгол бичгийн орчныг тохижуулсан бол энэ тоо 85 болж өссөн. Төрийн байгууллагын ажилчдыг үндэсний бичгээр компьютерт бичих чадварыг сайжруулах зорилгоор сургалтыг үе шаттай зохион байгуулснаас гадна багш нарыг чадваржууллаа. Өмнө нь 95 багш монгол бичгээр компьютерт бичдэг байсан бол одоо 235 багш бичдэг болсон. Мөн хүүхдүүдийг монгол бичигт сургах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Арвис” бийрийн дугуйланг хичээллүүлсэн бөгөөд бүх сумын сургуулиудад салбарлан байгуулсан. Монгол хэл, бичгийн 45 багш 455 сурагчийг жижиг бийрээр бичих чадварт сургасан.

Монгол хэл, бичгийн багш нарыг чадваржуулан ӨМӨЗО-ны хотуудад туршлага судлуулсан нь эргээд сум, сургууль орон нутагтаа орчин бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажилд чухал нөлөө үзүүлсэн. 2006 оноос хойш Үндэсний бичиг үсгийн баярыг уламжлал болгон тэмдэглэж байна. Тус өдрийн хүрээнд хэл бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулж хэвшсэн.

-Он гарсаар хэлний салбар зөвлөл шинэчлэгдсэн. Хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар?

-Он гарсаар хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан. “Үндэсний бичиг -3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хийх ажлаа төлөвлөлөө. Цаашид зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор ажлаа нарийн төлөвлөөд аймгийн Засаг даргаар батлууллаа. Үүнийгээ сум сургууль, байгууллагуудад хүргүүлэн уялдаа холбоотой ажиллана. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хүн бүрийн гар дээр байлгахын тулд нийтлэг түгээмэл хэрэглэгдэхүүнийг бэлтгэх ажлыг санаачлан хийсэн.

-Үндэсний бичиг сурахын хэрэгцээ шаардлага юу вэ?

-Зарим төрийн албан хаагчдын хувьд монгол бичиг сурах хүсэлгүй байгаа нь хувь хүний хандлага, сэтгэлгээтэй холбоотой. Мөн өөрийгөө дайчлахгүй байна. 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлнө. Тэгэхээр төрийн албанд үр дүнтэй ажиллах, цаашлаад монгол бичиг, өв соёлоо өвлөх, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалахын тулд зайлшгүй сурах шаардлагатайг ухамсарлах хэрэгтэй юм. Тухайн байгууллагын удирдлагын хандлага маш чухал. Удирдлагын зүгээс ямар шаардлага тавьж байгаагаас хамаараад сурах хүсэл эрмэлзэл нөлөөлж байгаа. Гэхдээ сүүлийн үед иргэдийн монгол бичиг сурах, хүсэл дээшилсэн байна.

-Цар тахлын үед үндэсний бичиг сургах ажилд тулгамдсан зүйл бий юу?

-Цар тахлын үед төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах зорилгоор сургагч багш нараас гадна салбар зөвлөлийн багш нар цахим хичээл зааж байна. “Үндэсний бичгээр уншъя, бичье” гэсэн анхан шатны номыг бэлтгэн төрийн байгууллагын 5552 ажилтанд хүргүүлээд байна. Он гарсаар албан байгууллагуудын монгол бичгийн орчны тохижилт, хаягжилтыг сурталчлахаас гадна ажилчдын унших, бичиг чадварыг түүврийн аргаар тандсан.

Ер нь бол цар тахлын үед дасан зохицож амьдрах чадварыг биднээс шаардаж байна. Цаг үеийн ямар ч байдалд дасан зохицож амьдрах, өөрийгөө хөгжүүлэх нь хувь хүнээс өөрөөс нь хамаардаг зүйл. Ямар нэгэн гадны нөлөө, байдлаас шалтгаалан сурах боломжгүй болно гэдэг нь туйлын буруу хандлага гэж боддог. Тухайн хүн өөрөө хүсэж, хичээвэл цахим орчинд ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломж бий. Цахим хичээл, хэрэглэгдэхүүн олноор байна.

-Иргэдийн дунд монгол хэлний зөв бичих дүрэмтэй холбоотой буруу ойлголтууд их байна?

-Иргэд цахим орчинд мэдээлэл, нийтлэл оруулах, сэтгэгдэл бичих сонирхолтой болсон байна. Хамгийн гол нь хаана юу бичих нь хувь  хүний цензур, үнэлгээ байх ёстой. Нөгөө талаар алдаагүй бичих хэрэгтэй. Иргэдийн дунд галиглах, товчилж бичдэг байдал нь зөв бичих чадварт нөлөөлж байгаа. 1983 онд гарсан Б.Осор багшийн дүрэм бол огт өөрчлөгдөөгүй. Харин хүмүүс өөрсдөө дур дураараа бичиж байгаа нь өөрчлөгдөж байгаа юм шиг харагдуулдаг. Цаашид иргэд монгол хэл, бичгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй.

-Ирэх жилүүдэд хэлний зөвлөлөөс ямар бодлого барьж ажиллах вэ?

-Хэлний салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсны дараа Монгол хэл, бичгийн хөтөлбөрийн 4 жилийн ажлыг дүгнээд ирэх 4 жилд “Монгол бичигтэн” аймаг болох зорилт тавьсан. Төрийн албан хаагч бүрийн монгол бичгээр унших, бичих чадварыг ахиулах бодлого барьж ажиллана. Энэхүү ажилд монгол бичгийн багш нар, сургагч багш нар хичээл зүтгэл гаргаж байхад хувь хүн хойрго хандаж болохгүй. Бидний туйлын зорилгод нийцүүлээд хүн бүр монгол бичгээ сурах, бүх байгуулллага монгол бичгийн хаягтай, орчинтой болоход анхаарах хэрэгтэй. 2025 онд төрийн алба хос бичигтэн болохын өмнөх бэлтгэлийг хангаж, төрийн албан хаагчдад монгол бичгийн анхны суурь чадваруудыг эзэмшүүлэхийг хичээж байна. Энэ ажилд гол түлхэц болж байгаа мэргэжлийн багш нарын чадварыг ахиулахад мөн анхаарна. Энэ хүрээнд сургалтууд авч байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг монгол бичгээр саадгүй уншдаг, алдаагүй бичдэг болгоход анхаарч ажиллана.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ