Т.Төрмандах: Газрын асуудлыг шийдвэл хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг илүү нэмэгдүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-04 19:29:13

Увс /МОНЦАМЭ/. “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр аймгийн хэмжээний үр үйлдвэрлэгч иргэдтэй уулзаж санал солилцох, үрийн захиалга авах ажлыг зохион байгуулахаар иржээ. 


-Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ямар түвшинд байна?

-“Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн ажилладаг. 2009 оноос хойш үр үйлдвэрлэгчдийг зохион байгуулалтад оруулан хэрэгцээт сургалт, зөвлөгөөгөөр  ханган ажиллаж байна. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. 

Энэ бодлогын хүрээнд жил бүрийн 4-р сарын сүүлчээр Увс аймагт ирж, хүнсний ногооны үр үйлдвэрлэгч иргэдтэй уулзан, тухайн жилд үйлдвэрлэх үрийн захиалга авах, гэрээ хийх ажлыг зохион байгуулдаг. 

Энэ дагуу Увс аймгийн үр үйлдвэрлэгч иргэдийн тулгамдсан асуудал, санал бодлыг сонсож, жилийн захиалгын гэрээг байгууллаа. Өнгөрсөн жилийн хувьд ургац сайн байсан ч шар манжингийн үрийн ургац алдсан нь байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан. Энэ жил үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нийтдээ 9 мянга гаруй кг үр үйлдвэрлэхээр гэрээ хийлээ. Тодруулбал шар манжин 2500 кг, шар лууван 5000 кг, хүрэн манжин 2000 кг үр үйлдвэрлэх төлөвлөгөө гаргасан. Хүнсний ногооны үйлдвэрлэлд гол анхаарах зүйл нь эх ургамлын асуудал байдаг тул эх ургамлыг чанартай үйлдвэрлэх, технологи зөвлөгөө өгөх ажлыг хийж дууссан.

-Хүнсний ногооны үрийн хэрэгцээг хангах асуудал хэр бодитой шийдэгдэж байна?

-Монгол оронд тариалж байгаа үндэс бут ургамал болох шар манжин, шар лууван, хүрэн манжингийн үрийг Увс аймагт үйлдвэрлэж, 100 хувь дотоодын хэрэгцээг хангаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд шар лууван, хүрэн манжингийн үрийн хэрэгцээ бүрэн хангагдсан бол шар манжингийн үрийн тасалдал үүссэнтэй холбоотой түр зуурын үнэ өсөх асуудал гарч байна. Иймээс ОХУ-аас дутагдалтай үрийг нийлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил үр үйлдвэрлэлийг 2-3 мянган кг-аар нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд нийт үнийн дүнг 220-230 сая төгрөгөөр тооцсон.

-Үр үйлдвэрлэгч иргэд хөдөлмөрийн үр шимээ хүртэх боломж бүрдсэн үү?

-Увс аймгийн хэмжээнд хүнсний ногооны үр үйлдвэрлэдэг 35 иргэнтэй гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд үйлдвэрлэх үрийн захиалгаа өгөөд тариалалтын ажлын өмнө нийт худалдаж авах үрийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх урьдчилгаа мөнгийг тариаланчдад өгдөг.  Мөн намар наймдугаар сард үрийн талбайд хянан баталгаа хийсний дараа 40 хувийн урьдчилгааг өгдөг. Дараагаар нь үрээ хурааж, сортлоод бэлэн болгосны дараа үлдсэн 40 хувийг олгодог. Нэг ёсондоо үр үйлдвэрлэгчид маань банкнаас өндөр үнэтэй зээл авах шаардлага байхгүй. Урьдчилгаа мөнгөө хүртэх замаар санхүүгийн асуудлаа шийддэг.

-Үр үйлдвэрлэгч иргэдийн өмнө тулгамдсан зүйл юу байна?

-Тариалалтын ажилд зайн алслал гэж байдаг учир ижил төрлийн таримлуудыг стандартын дагуу хооронд нь зайтай тариалах шаардлагатай. Мөн жил бүр сэлгэн тариалалт хийх нь чухал. Манжин тарьсан газраа манжин тарих боломжгүй учраас үрийн бус таримлууд болох байцаа, сонгино, төмс зэрэг хүнсний ногоог сэлгэн тариалдаг. Иймд тариаланчдад газрын асуудал нэн тулгамдаж байна. Талбайн хүрэлцээ багатай 10 орчим ногоочин түрээсийн талбайд тариалалт хийж байгаа. 

Цаашид аймаг, орон нутгаас үр үйлдвэрлэгч, ногоочдод 1-2 га талбайг олгох хүсэлт тавьсан. Увс аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмонтой уулзаж энэ саналыг мөн тавилаа. Газрын асуудлыг шийдвэл хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг илүү нэмэгдүүлэх боломжтой юм. Хүнсний ногооны үр үйлдвэрлэл бол Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн төдийгүй, улсын хэмжээний үрийн хэрэгцээг хангадаг чухал ажил учраас үр үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг тухай бүрд нь шийдэх хэрэгтэй. Мөн тариалалтын ажилд шуудууны ус хүрэлцэхгүй байна. Зарим жилүүдэд хур бороо бага орж байгаа тул усны тасалдалгүй баталгаатай усалгаатай байхын тулд шаардлагатай газруудад гүний худаг гаргах хэрэгтэй. 

-Баярлалаа.

Холбоотой мэдээ