42000 иргэн эхний тунгийн дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-05 17:14:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 42000 иргэн коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан байна. 

Өчигдөр аймгийн хэмжээнд 7063 иргэн вакцинд хамрагджээ. Үүнээс эхний тунд 3854, хоёр дахь тунг 4149 иргэн хийлгэсэн аж. Өссөн тоогоор нийт 42000 иргэн дархлуужуулалт хамрагдсан бөгөөд үүнээс 17324 иргэн хоёр дахь тунг хийлгэжээ. 

Дархлаажуулалт өнөөдөр 10 цэгт үргэлжилнэ. Дархан суманд 7, бусад 3 суманд тус бүр нэг цэг ажиллаж байна.

Өнөөдөр хоёр дахь удаагийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн дархлаа тогтох 14 хоногийн хугацаа 5-р сарын 20-нд дуусна. Энэ хугацааг дуустал сум хоорондын болон хот хоорондын замын хөдөлгөөнийг нээхгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргалаа. 5-р сарын 4-ний 17:00 цагийн байдлаар Smartdarkhan.com хаягаар 13000 иргэн бүртгүүлээд байна. Бүртгүүлсэн иргэдийг өнөөдөр вакцинжуулж дуусгана. 

Тиймээс иргэд дээрх хугацаанд амжиж цахимаар бүртгүүлэн, вакциндаа хамрагдахыг уриалж байна. 

Харин 5-р сарын 7-нд зорилтот бүлгийг вакцинжуулна. Үүнд: албан ёсны бүртгэлтэй гадаадын 184, асаргаатай хэвтрийн өвчтэй 230 орчим иргэнд гэрт нь очиж дархлаажуулалт хийх ажээ. Тодорхой хаяггүй гэр оронгүй иргэдийг нэгдсэн журмаар зохион байгуулалтад оруулж, дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна.  

Холбоотой мэдээ