Энэтхэг, Их Британийн худалдааны гэрээ олон мянган ажлын байр бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-04 16:54:51

ЛОНДОН. /BBC/. Их Британи, Энэтхэг худалдааны эргэлтийн хэмжээгээ нэг тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлэхийг зорьж байна.


Ингэснээр хоёр улсын чөлөөт худалдааны тухай илүү өргөн хүрээг хамарсан хэлэлцээр байгуулах зам тавигдах юм гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


Борис Жонсон Энэтхэгт нэгдүгээр сард айлчлахаар төлөвлөж байсан ч Их Британид халдварт өвчний нөхцөл байдал огцом муудаж, хөл хорио тогтоосны улмаас айлчлалыг хойшлуулсан байна. Харин дараагийн удаад Энэтхэгт цар тахал дэгдсэний улмаас айлчлалыг бүрмөсөн цуцалсан байна.


“Түншлэлийн тухай шинэ хэлэлцээр, чөлөөт худалдааны тухай цогц гэрээг байгуулснаар ойрын арван жилд бидний худалдааны түншлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарна” гэж Б.Жонсон хэлжээ.


Дээр дурдагдсан мөнгөний тал гаруй нь буюу 533 сая фунт стерлинг нь Энэтхэгийн Их Британийн эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт байх аж. Ингэснээр Их Британийн технолог, эрүүл мэндийн салбарт 6.5 мянга гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Харин 240 сая фунт стерлинг нь Их Британийн нутаг дэвсгэрт байрладаг Энэтхэгийн Ийлдсийн судалгааны хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажилд зориулагдана.

Холбоотой мэдээ