Монголчуудын вакцинд хандах хандлага ба дархлаажуулалт

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-05-07 14:42:15

Хүн амын дунд коронавирусний эсрэг вакцины тухай ойлголт янз бүр байгаагаас Монгол Улс дахь дархлаажуулалтын явц ихээхэн хамаарч байна. Хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн энэ ажил эхний үедээ иргэдийн оролцоо сайтай, эрчимтэй үргэлжилж байсан ч сүүлийн өдрүүдэд янз бүрийн шалтгаанаас үүдэн төлөвлөсөн хэмжээнд хүрч хамрагдахгүй байгааг салбарынхан нь мэдээлэх боллоо.


Хэдийгээр эрдэмтэн судлаачид манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэлзүйн туршилт судалгаагаар баталгаажсан хэмээн тайлбарласаар байгаа ч эргэлзээ, үл итгэх байдал тодорхой хэмжээнд байсаар байна. Covid-19-ийн эсрэг вакцины аюулгүй байдлын талаар болон вакцин нь хүний удмын санд нөлөөлдөг гэх мэт баталгаагүй мэдээлэлд хэт автахгүй байхыг эрдэмтэд сануулан тайлбарлаж байна. Мөн янз бүрийн өвчин, шалтгааны улмаас вакцинд хамрагдахгүй болгоомжлох иргэд цөөнгүй. Хэдийгээр дархлаажуулалтад хамрагдах эсэх нь хувь хүний эрхийн асуудал боловч цар тахлын хүнд үед иргэний ухамсар хариуцлагыг эхэнд тавихыг Засгийн газраас иргэддээ уриалсаар байгаа билээ.


Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд мэдээлснээр /2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар/ Монгол Улсад дархлаажуулалтын явц 65 хувьтай байна. Нийслэлд 953 мянган иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдах ёстойгоос 860, харин 461 мянган иргэн хоёрдугаар тунд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90 гаруй хувь нь дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ. Харин орон нутагт 1,1 сая иргэн хамрагдахаас вакцины эхний тунд 496 мянга, бүрэн тунд 130 орчим мянган иргэн хамрагдсан тоон мэдээ байна. Ташрамд дурьдахад манай улсын хэмжээнд нийтдээ товлолтын вакцинд зориулж бэлтгэсэн 540 вакцинжуулалтын цэг байдаг нь байршил алслагдмал гэх мэт шалтгааныг эс тооцвол ачаалал даах чадвар харьцангуй сайн гэсэн үг юм.


Одоогоор БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросел вакцины нөөц хангалттай хэмжээнд байгаа ч зөвхөн нэг төрлийн вакцины сонголттой байгаа нь иргэдийн тодорхой хэсэг дархлаажуулалтанд хамрагдаагүй нэг шалтгаан болж байна. Хэдийгээр 1 сая тун Спутник-В вакцин авах гэрээ, төлөвлөгөөтэй байсан ч нийлүүлэлт хойшилж тавдугаар сарын 1-нд ердөө 20 мянган тунг аваад байгаа юм. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 27-нд арилжааны шугамаар 10 мянган тун вакцин татан авсан.  Иргэдийн хүлээлтийг үүсгээд байгаа уг вакцины дараагийн татан авалтууд хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа тухай УОК-оос мэдэгдээд байна.


Вакцинжуулалтын явц саарч, иргэдийн идэвхи суларч байгаатай холбогдуулан Засгийн газрын зүгээс янз бүрийн зохицуулалт хийж эхэллээ. Тухайлбал вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдэд халамжийн төрлийн мөнгөн тэтгэмж, хүнс авах эрхийн тасалбар зэргийг нь олгохгүй байх гэх мэт арга хэмжээг хүртэл авах тухай ярьж байгаа юм. Одоогоор халамж авдаг 90 мянга, хүнсний эрх авдаг 30 гаруй мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа гэсэн судалгааг салбарын яамнаас нь гаргасан байна. Вакцины бүрэн тунд хамрагдаагүй хүнд үйлчилгээний зарим эрхийг хязгаарлах нь халдвар хамгааллын дэглэмд зайлшгүй шаардагдах зүйл болоод байгаа юм.  


Мөн эрдэмтдийн судалгаа, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зэргийг үндэслэн бүрэн дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн эдийн засаг нийгмийн харилцаанд хэрхэн яаж оролцох зохицуулалтыг хийж байна. Тухайлбал, тэдгээр иргэдэд тусгай код олгож тодорхой зөвшөөрөгдсөн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжтой болгож байгаа. Үүнтэй холбоотой журам тавдугаар сарын 9-нд бэлэн болох юм.


Үүнээс гадна вакцинжуулалтыг эрчимжуулэх ажлын хүрээнд дархлаажуулалтыг дэмжих, иргэдийн вакцинд хамрагдах явцыг эрчимжүүлэн идэвхижүүлэх үүднээс дархлаа дэмжих нэг удаагийн урамшуулал болгож Засгийн газраас 50 мянган төгрөг олгож эхлээд байна. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа угтсан ажлын нэг хэсэг боллоо гэж дүгнэх хэсэг ч байгаа юм. Харин нөгөө талаас энэ бол өрхийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд эдийн засгийн бага ч атугай дэмжлэг болно гэж үзэж байгаа хэмээн тайлбарласан. Иргэдийн идэвхийг өрнүүлэх энэ мэт хөшүүргийн аргыг хэрэглэж байгаа жишээ олон улсад бий ч манай улсын хувьд сонгуулийн жил тохиож байгаа учир цаг үеийн нөхцөл байдалтай холбож ойлгох, хардах үндэслэл болж байна.


Нийтийн дунд халдвар тархсан энэ үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүн ч халдвар авах эрсдэл тодорхой хэмжээнд байхыг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа. Гэвч энэ нь тухайн вакцины чанар үр дүнг буруутгах бүрэн үндэслэл биш юм. Харин коронавирусний эсрэг вакцин бол аюулгүй, өвчин үүсгэхгүй, зөвхөн уг вирусээс хамгаалах дархлал үүсгэх зориулалтаар хийгдсэн гэдгийг иргэдэд ойлгуулан таниулах ажлуудыг эрүүл мэндийн байгууллагаас тууштай хийж байна. Ард иргэдийн болгоомжлол нь зөвхөн манайд ч бус бусад улс орнуудын хүн амын дунд байгаа, вакцинжуулалтад саад болж буй нэг гол асуудал. 


Эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй, хичээж байгаагаа салбарынхан тайлбарлаж, вакцинжуулалтад хамрагдахыг уриалсаар байна. Иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дархлаажуулалтанд хамрагдахыг уриалж байгаа яг энэ үед ахмадуудын идэвхи маш өндөр байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд 60-аас дээш насны 250 орчим мянган ахмад настнуудын 90 орчим хувь нь хэдийнэ вакцинд хамрагджээ. Үүний 60 орчим хувь нь Улаанбаатар хотын өндөр настнууд байна гэсэн судалгааг гаргасан байна. Бие даах чадвар алдагдсан настнуудыг сайн дурын идэвхтнүүдийн тусламжтайгаар зөөвөрлөж вакцинд хамруулж байгаа аж. Мөн гэрээр нь очиж дархлаажуулах шаардлагатай иргэдийн дархлаажуулалтад бэлтгэх ажил явагдаж байгаа гэнэ. Хөл хорионы үед үргэлжилж байгаа вакцинжуулах ажлыг тасралтгүй явуулах үүднээс явуулын дархлаажуулах багууд ч ажиллаж байна. 


Энэ удаад 28 хоног үргэлжилсэн хатуу хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулах юм. Ингэхдээ үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан эрсдэл дунд зэрэг гэж үзсэн салбарын аж ахуйн нэгжүүдийг эхний ээлжинд, дараагийн удаа эрсдэл өндөртэй үйлчилгээний газруудыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга мөрдүүлэх журамтайгаар аажмаар нээнэ. Энэ мэтээр хөл хорионы дэглэмийг шат дараатай, маш болгоомжтой сулруулж байж дархлаажуулалтынхаа үр дүнг хадгалах ёстой гэж мэргэжлийнхэн зөвлөж байна.

Хөл хорио ач холбогдлоо өгч халдвар тархалтын өсөлтийг тодорхой хэмжээнд тогтоон барьж чадсан бол одоо вакцинжуулалтын үр дүнг үзэх хариуцлагатай чухал үе эхэлж байна. Үүнд иргэдийн идэвхи оролцооноос гадна халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хариуцлага ухамсар ихээхэн чухал байгааг Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас байнга ухуулан сурталчилсаар байна.


Монгол Улсын хувьд Хятад улсад үйлдвэрлэгдсэн вакциныг арав гаруй удаагийн татан авалтаар 2,5 сая илүү тунг хүлээж авч иргэдээ дархлаажуулж байгаа болохоор уг вакцины нөөц татан авалт хэвийн байгаа юм. Үүнээс гадна бусад гурван төрлийн вакциныг хувийн хэвшлийн байгууллага болон Ковакс хөтөлбөрийн хүрээнд цөөн тоогоор авсан. Тодруулбал Астразенека 214800 тун, Спутник-В 30 мянган тун, Файзер 25740 тунг хүлээн авч иргэдээ дархлаажуулжээ.

Холбоотой мэдээ