“Оролцоод хөгжье” хүүхдийн чуулганыг цахимаар зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн
ГБХЗХГ-аас “Оролцоод хөгжье” аймгийн хүүхдийн 12-р чуулганыг тавдугаар сарын 4-нд зохион байгуулжээ.
Чуулганд аймгийн 19 сургуулийн төлөөлөл 150 гаруй хүүхэд, аймаг,
орон нутгийн удирдлагууд, БСУГ болон сумдын холбогдох мэргэжилтнүүд, хүүхдийн
элч нар, сургуулиудын нийгмийн ажилтнууд нийт 180 гаруй төлөөлөгч оролцжээ.
Тус чуулган хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдийн төлөө
хийж буй ажлуудыг тэдний нүдээр харах, үнэлэх, хүүхэд хөгжих, оролцоход
тулгардаг асуудал, шийдэх арга замыг бодлого шийдвэрт тусгуулах, хүүхдэд ээлтэй
засаглалыг бэхжүүлэх зорилготой аж.
Энэ удаагийн чуулган улс орон даяар өндөржүүлсэн бэлэн
байдлын зэрэгт шилжсэн, онцгой нөхцөл байдлын үед болсон тул цахимаар зохион
байгуулсан ба 2017 оноос хойш 3 жил завсардсан байжээ.
Чуулганд оролцогч хүүхдүүдийн зүгээс сурах орчин муу,
сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ тааруу, сурагчдын дугуйлан, секц тогтмол
хичээллэдэггүй учир хөгжих орчин байхгүй, хөдөө сумдын багш нар ойр ойрхон
солигддог, 2-3 хичээлийг нэг багш орж байгаа нь сонирхолгүй гэх мэт тулгамдсан
олон асуудлыг хөндөн ярьжээ.
Хөдөөгийн сумдаас уралдаан тэмцээнд оролцох үед зардал
мөнгөө өөрсдөө гаргадаг, сургуулиудад хичээлийн лаборатори байдаггүй, оролцооны
байгууллагууд мөн чанараа ойлгож, хүүхдүүдийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж
чаддаггүй, тэднийг бодлогоор дэмжиж чаддаггүй гэх мэтчилэн өөрсдийн санал, дуу
хоолойгоо бодлого шийдвэрлэгчдэд хүргэжээ.
Аймгийн ХГБХГ-аас чуулганы төлөөлөгчдөөс гарсан саналыг
нэгтгэн, зөвлөмжийн хамт холбогдох байгууллагууд, аймгийн удирдлагуудад
хүргүүлэн, бодлого шийдвэрт тусгуулан, ажил хэрэг болгон ажиллана гэдгээ
мэдэгдлээ.