Энэ хавар, намар 600 гаруй мянган толгой малыг ялган тэмдэглэнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-07 17:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ хавар, намар нийт 610 мянга гаруй малыг ялган тэмдэглэх аж. Энэ ажлыг мал бүртгэлжүүлэх аяны хүрээнд 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20 хүртэл 21 аймгийн 183 суманд баталгаажсан үүлдэр, омгийн, цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан хээлтүүлэгч, тариалангийн бүсэд адгуулж буй малд ээмэг зүүж, чип суулган тэмдэглэх юм. 


Ингэж тэмдэглэн бүртгэснээр мал сүргийг нэгдсэн системд оруулж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлж, малын удмын санг хамгаалан, үржил селекцийн ажлыг бүрэн хянах юм. Мөн малын хулгайгаас урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Түүнчлэн малчид төрөл бүрийн дэмжлэг урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх зэрэг ээмэгжүүлсэн малтай байх давуу тал гарна. Тиймээс малчид, мал бүхий иргэдийг дээрх аянд идэвхтэй хамрагдахыг ХХААХҮЯ-наас уриалж байна. Сүүлийн 10 жилд 10 сая гаруй малд ээмэг зүүж, чип суулгаад байна. 


Холбоотой мэдээ