Өдөрт 50-100 иргэнд орон нутаг руу зорчих зөвшөөрөл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-10 14:42:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой байдлын газар, шуурхай штаб өдөрт 50-100 иргэнд хөдөө орон нутаг руу зорчих зөвшөөрөл олгоно гэж албаныхан мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг “улбар шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргажээ.

Энэ нь газар тариалан эрхлэгчид, аймгийн төвөөс мал гаргах (нүүлгэх), ямаа самнах, хөдөөнөөс мал, мах авах иргэдэд хамаарах аж.

Гэхдээ тухайн иргэн нь коронавирусний халдвартай иргэний ойрын хавьтлаар бүртгэгдээгүй, гэрийн ажиглалт болон тусгаарлалтад ороогүй байх ёстой гэж анхаарууллаа.

Энэхүү шаардлагыг хангаж байвал тухайн иргэн нь ямар ажлаар, хэдэн хүнтэй, хаанаас хаа хүрэх хүсэлтээ бичиж, нотлох бичиг баримт (иргэний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ) хавсаргаж, Онцгой байдлын газар, Шуурхай штабт өгнө.

Хүсэлтийг шийдвэрлэн Зоонозын өвчин судлалын төвд уламжилж, хурдавчилсан оношлуур болон PCR шинжилгээ авч, хариуг үндэслэн хөдөө орон нутаг руу зорчих (гарах, орох) зөвшөөрөл олгож байна. 

Өдөрт 50-100 иргэнийг шинжилгээнд хамруулах ба энэ нь коронавирусний халдварын тандалт хийх нэг чухал ажил болно гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ