Хүүхэд хамгааллын орчныг сайжруулах зөвлөмж гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-11 17:44:50

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хамтран “Хүүхдэд ээлтэй Ховд” сэдэвт 21 хоногийн аян өрнүүлж байгаа.

Энэ хүрээнд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар санал солилцох зорилгоор “Шийдэл” бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт аймгийн удирдах ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллага, сум, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн захирал, иргэд, хүүхдийн төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон. 

Энэ үеэр орон нутгийн түвшинд хүүхэд хамгааллын тогтолцоонд хийсэн үнэлгээний танилцуулга, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлд хэрэгжүүлж буй төрийн бодлогын ахиц дэвшил, зарим үйл ажиллагааны талаар албаныхан танилцуулав.

Мөн хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиглэлд орон нутгийн санаачилга, тулгамдаж буй асуудал, “Ховд аймгийн Хүүхэд хамгааллын нөхцөл байдал” захиалгат судалгааны тайлан, үр дүн зэрэг сэдвийн дагуу илтгэлийг холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа.  

Зарим мэргэжилтнүүдийн хэлснээр орон нутагт “өрхийн айлчлал” хийж, зөвлөн туслах ажилд шатахууны асуудал үүсэх, гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал тааруу учраас сөрөг нөлөө бий болох тохиолдол их байна. Иймээс хэлэлцүүлгийн үр дүнд хүүхэд хамгааллын орчныг сайжруулах чиглэлээр зөвлөмж” гаргаж, үе шаттай хэрэгжүүлж ажиллах юм.  

Ховд аймгийн хүүхдийн эрхийн байгууллага сүүлийн гурван жилд 378 гомдол мэдээллийг хүлээн авч ажиллажээ. Энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдох хүүхдийн тоо тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Судалгаанаас үзэхэд хүүхдүүд ихэвчлэн гэр бүл, сургууль, тоглоомын орчинд гэмт хэргийн хохирогч болж буй. Мөн зам тээврийн болон ахуйн осол, гэмтэлд өртөж хохирч байгаа учраас хүүхэд бүрийг хамгаалах, болзошгүй эрсдэлд өртөх, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болгохгүйн тулд анхаарч ажиллах учиртай.  

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  “Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулж, Ховд аймгийн ИТХ-аар батлуулахад бэлэн болжээ. 

Мөн цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой асуудал тусгасан “Тайван амгалан Ховдчууд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчныг стандартад нийцүүлэн тохижуулах, “Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах байр”-ны үйл ажиллагааг тогтмолжуулах зэрэг асуудалд анхаарч ажиллана гэж албаныхан мэдээллээ.     



Холбоотой мэдээ