Гишүүн холбоодын шалгуур үзүүлэлт, журмыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-11 15:42:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны гишүүн холбоодын шалгуур үзүүлэлт, журмын тухай нийтлэг үндэслэлийг тус холбооноос танилцуулж байна.


Орон нутаг дахь МХБХ-ны гишүүн холбооны хэрэгжүүлэх үндсэн шаардлагуудыг нэгтгэсэн ажлын анхан шатны бичиг баримтыг нийтлэг үндэслэл гэж хэлнэ.


МХБХ-ны дүрмийн 13 дугаар зүйлийг шалгуур үзүүлэлт, журмын хамтаар хэрэгжүүлэх бөгөөд гишүүн холбоодын үйл ажиллагааг дүгнэх, урамшуулахтай холбоотой бүхий л харилцааг энэхүү журмаар тусгайлан зохицуулна.


МХБХ-ны гишүүн холбоодод спорт, дэд бүтэц, боловсон хүчин, хууль эрх зүй болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдээр стандарт тогтоож түүнийг биелүүлсэн гишүүн холбоо нь МХБХ-ны гэрчилгээг авна.

МХБХ-ны журам нь дараах зорилготой. Үүнд:


- Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/, Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны дүрэм, журмын дагуу Монгол Улсын хэмжээнд гишүүн холбоодын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэж, тив дэлхийн жишигтэй мөр зэрэгцүүлэн, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах.


- Спорт, дэд бүтэц, боловсон хүчин, хууль эрх зүй болон санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг хөгжүүлэх хөшүүрэг болгох.


- Орон нутагт зохион байгуулагдаж буй хөл бөмбөгийн бүхий л үйл ажиллагааны чанарыг сайжруулах.


- Гишүүн холбоодын санхүүгийн цэвэр тунгалаг, үнэнч нэр хүндтэй байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх таатай орчин бий болгох.


- Дэд бүтцийг сайжруулж оролцогч талуудыг аюулгүй байдал стандартад нийцсэн бэлтгэл сургуулилт, тоглолтын талбайгаар хангах.


МХБХ нь тухайн жилийн шалгуур үзүүлэлт, цаг хугацааг тодорхойлж шийдвэр гаргах бөгөөд гишүүн холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт албан бичгээр мэдэгдэнэ.


Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтэс нь журмын дагуу гишүүн холбоодын гүйцэтгэсэн ажлын бичиг баримтуудыг нэгтгэн хянаж, МХБХ-ны ЕНБД-д танилцуулах ба гэрчилгээ олгох / татгалзах зэргийг МХБХ-ны Зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг байна.


AFC-гийн цахим админ систем буюу /AFC CLAS/ Класыг ашиглаж, гишүүн холбоодын үйл ажиллагааг хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд МХБХ-ны бусад хэлтсүүдийн хамтаар тухайн гишүүн холбоонд зочилж, ажлын үр дүнтэй танилцдаг юм байна.



Холбоотой мэдээ