Цар тахлаас шалтгаалан секц дугуйланд суралцагчдын тоо ихээхэн буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-12 10:36:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт коронавирусний халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх секц, дугуйланд суралцагчдын тоо бараг гурав дахин буурсан байна.

   Сүүлийн хоёр хичээлийн жилд суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад дугуйлан, сонгон, секц ажиллуулж тэдгээрт давхардаагүй тоогоор 2000 гаруй хүүхэд хамрагдаж байгаа нь нийт суралцагчийн 20 орчим хувийг эзэлж байсан юм. Цар тахлаас үүссэн нөхцөлөөс шалтгаалан дугуйлан, сонгон, секц цахимаар хичээллэж тэдгээрт 800 гаруй суралцагч буюу нийт суралцагчдын долоон хувь нь л хамрагдаж байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газар мэдээллээ.

   Хичээллэж буй дугуйлан сонгон, секцүүд шатар, мэтгэлцээн, гар урлал, зураг, бүжиг, хөгжим, дуу, бөх, сагс, волейбол, хөнгөн атлетик, өвлийн спорт төрлүүдээр  хичээллэж байна. Гэвч хүүхдэд өв соёл, хүмүүжил, ёс зүйг дээдлэх, тэдний оюуны чадавх, бүтээлч сэтгэлгээ, зөв хандлагыг эзэмшүүлэх, хувь хүний хөгжил, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн нөлөөлөх үйл ажиллагаа хангалтгүй, тэдний хүсэл, сонирхол, авьяас, ур чадварыг илрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа нь суралцагчдын сонирхол, хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байгаа гэж салбарын удирдлага дүгнэжээ. 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ ирээдүй” хөтөлбөрт хүүхэд бүрийг амжилттай сургах, хөгжүүлэх, оюунлаг, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, өрсөлдөх чадвар бүхий иргэн болгон төлөвшүүлэхээр тусгаад байна.

Тус хөтөлбөрт хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан, сонгон секцийн  хамрагдалтыг  40 хувьд хүргэж, “Мэтгэлцээн” клуб, “Номын мангас” төсөл, “Бүтээлч хүүхэд” аян, “Хөтлөгч-хүүхэд” дугуйлан, “Мартагдашгүй зун” арга хэмжээнүүдийг зохион байгуулах зорилт дэвшүүлээд байна.

Холбоотой мэдээ